Монголын гаалийн байгууллагаас улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр гаалийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор VR (виртуал риалити) технологид суурилсан сургалтын танхимыг шинээр хийж нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү виртуал орчинг бүрдүүлсэн сургалтын танхим нь улсын хэмжээнд хууль сахиулах байгууллагуудаас анх удаагаа жишиг танхим болж байгаагаараа онцлог гэдгийг арга хэмжээний үеэр танилцууллаа. Тухайлбал, сургалтын модулийг VR ( Virtual reality ) технологид суурилсан хэлбэрээр буюу 360 градусын өнцөг бүхий видео камераар бэлтгэж, алба хаагчдыг гаалийн хяналтын бүс, тээврийн хэрэгслэлийг бодит дүрслэлээр харах технологийн шийдлийг ашигласан тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглогдсон байна.
Нээлтийн арга хэмжээнд ГХУСААЗЗАА-ны дарга Л.Нямгэрэл, Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Бат-эрдэнэ, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга Ц.Мягмардорж, ЦЕГ-ын ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Д.Ганчулуун, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Г.Давааням болон холбогдох албаныхан оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд нар ирсэн зочдод Виртуал төвийн ач холбогдол, гаалийн алба хаагчдыг хэрхэн сургах, бэлтгэх талаар товч мэдээлэл өгч танилцууллаа. Виртуал сургалтын танхим нь зөрчил хянан шалгах чиг үүрэг бүхий гаалийн ажилтныг мэргэжлийн түвшинд чадавхжуулах, сургахад зориулсан олон төрлийн модуль сургалтын хөтөлбөртэй төдийгүй бодит зөрчил, кэйсүүдээс мөн сурах боломжийг олгосноороо давуу талтай юм байна.
Дашрамд сонирхуулахад, улсын хилээр жилд бүртгэгддэг зөрчлийн 70 гаруй хувийг алт, үнэт эдлэл, бэлэн мөнгө валют, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүх соёлын дурсгалт зүйл, бүртгэлгүй төрөл бүрийн дааврын бэлдмэл, эм, эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх хэрэг зөрчил зонхилон эзэлж байна. Иймд эдгээр зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, тэр дундаа гаалийн ажилтныг мэргэшүүлэх, сургахад энэхүү виртуал танхим чухал ач холбогдолтой юм.