“ЭМИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон Олон нийттэй харилцах алба Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” нэгдсэн холбоотой хамтран “Эмийн чанар, аюулгүй байдал, хяналт” сэдвээр эм ханган нийлүүлэгч тусгай зөвшөөрөл бүхий 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад тус гаалийн газраас гаалийн улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин, Н.Үнэнбаатар болон гаалийн хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч нар оролцсон бөгөөд гаалийн улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гаалийн бүрдүүлэлт, мэдүүлэг, үнэ, үнэлгээ”, гаалийн улсын байцаагч М.Долгион “Монгол Улсын хилээр нэвтрэх эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хяналт”, Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” нэгдсэн холбооны захирал, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, доктор, профессор Д.Энхжаргал “Эмийн чанар, аюулгүй байдлын асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

Илтгэл, танилцуулгатай холбогдуулан эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн түүхий эд импортлогч аж ахуйн нэгжийн төлөөллөөс эм, эмнэлэгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд тулгарч байгаа хүндрэл, гаалийн хяналтын явцад гарч байгаа нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, барааны тээвэрлэлт, хадгалалтын стандарт, горим нөхцөл, хаяг шошго, бараанаас дээж сорьц авах, шинжилгээнд өгөх, гадаад худалдааны гэрээнд анхаарах зүйлс, цахим гаалийн бүрдүүлэлт зэрэг асуудлаар асуулт асууж, санал солилцон цаашид гаалийн байгууллагатай ажлын уялдааг улам сайжруулж хамтран ажиллахаа илэрхийллээ.      

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *