Н.БАТНАСАН: МУИС ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ӨРГӨН БОЛОМЖ БАЙНА

Гаалийн байгууллага МУИС-ийн Бизнесийн сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан тухай тус сургуулийн захирал, доктор профессор Н.Батнасантай ярилцлаа.
  • Санамж бичгийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?

Монгол Улсын Их Сургууль нь судалгаа шинжилгээний олон салбарын шилдэг эрдэмтэдтэй,  төрөл бүрийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, Монгол Улсын эрдэм оюуны гол төвүүдийн нэг юм.

Манай улсын хөгжлийн олон асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. МУИС улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг,  тэр хэрээрээ чухал ач холбогдол өгдөг зүйлсийн нэг.  Гаалийн байгууллагын өмнө ч ийм асуудлууд тулгарч байна. Гаалийн байгууллагын өмнө тулгамдаж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор бид Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Түүх ярих юм бол ”Гааль, эдийн засгийн коллеж” гэсэн Гаалийн ерөнхий газрын харьяа сургалтын байгууллагыг 2010 онд Засгийн газрын тогтоолоор МУИС-д нэгтгэсэн. Тэр цагаас хойш МУИС гаалийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол төв болсон гэж үзэж болох юм. Одоо гаалийн байгууллагын системд 2000 орчим хүн ажиллаж байна. Бид 2010 оноос хойш гадаад худалдаа, гаалийн чиглэлээр 200 гаруй бакалаврын мэргэжилтэн, 30 орчим магистр, 1 докторыг гаалийн чиглэлээр бэлтгэж гаргасан бөгөөд тэд маань гаалийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Бидний цаашдын зорилго зөвхөн боловсон хүчнийг нь бэлтгэхэд төдийгүй гаалийн байгууллагын өмнө тавигдаж байгаа зорилтуудыг нь шийдвэрлэхэд хамтран оролцох,  гааль судлалын чиглэлээр хамтрах явдал гэж харж байна. Энэ бол бидний гаалийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлд баримтлах гол стратеги юм.

Одоо манай гаалийн үйл ажиллагааны бүтээмжийн болон техник технологийн түвшин дэлхийн тэргүүлэх орнуудтай харьцуулахад нэлээд доогуур түвшинд байна. Тэргүүлэх хөгжилтэй орнуудын түвшинд дөхөж очихын тулд их ажиллах шаардлагатай. Тэгэхлээр бидэнд хамтран ажиллах том орон зай байна аа гэсэн үг.

Үүнийг МУИС-ийн судлаачдын зүгээс улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах, бас гаалийн байгууллагынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодитой боломж гэж харж байна.

Нөгөө талаас МУИС-д мэргэжилтнийг сургаж бэлтгэх, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах асуудлаас гадна төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар санхүүгийн чадавхаа бэхжүүлэх хэрэгцээ шаардлага бий.

Хамтын ажиллагаа талуудын аль алиных нь ашиг сонирхолд нийцэж байгаа учраас бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид гаалийн байгууллагын судалгаа хөгжүүлэлтэд оролцсноороо оюутнуудаа юунд, хэрхэн сургахаа тодорхойлох боломжтой болох юм. Тийм учраас энэ хамтын ажиллагаа бидэнд олон талаар ач холбогдол бүхий хамтын ажиллагаа гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *