Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Кунио Микурия 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Япон Улсын Токио хотноо тус байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Японы Бодлого судлалын үндэсний хүрээлэнд төрийн санхүүгийн чиглэлээр болон Аояма Их Сургууль (AGU)-д стратегийн удирдлага, оюуны өмчийн эрхийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гишүүн орнуудын гаалийн албаны 21 судлаач ажилтан нарт зориулж лекц уншжээ.
Ноён Микурия тэдэнд нийлүүлэлтийн сүлжээ, цахим худалдаа, дижитал технологи, ногоон гааль, байгууллагын хөгжил зэрэг асуудлаар болон ДГБ-ын өнөөгийн үйл ажиллагааны чиглэлүүдийн талаар танилцуулав. Гаалийн байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх нь ихээхэн чухал асуудал гэдгийг онцлоод тэтгэлэгт хөтөлбөр үүнд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дурджээ.
Төгсгөлд нь тэрээр судлаач оюутнуудад хандаж “Та бүхэн сургуулиа амжилттай төгсөж эх орондоо очоод өөрсдийн сурсан мэдлэг, ур чадвараа бусаддаа түгээн, манлайлах ур чадвараа харуулах, өөрийн орны гаалийн байгууллага, гаалийн шинэчлэлийн үйлсэд хүчин чармайлтаа гарган ажиллахыг зөвлөв.
Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү айлчлал, лекц нь судлаач оюутнуудад ДГБ-ын сүүлийн үеийн бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлтэй танилцах, тус байгууллагаас гишүүн орнуудын гаалийн байгууллагад чиглэсэн зөвлөмж, арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгаа талаар мэдээлэл авч, нэгдсэн ойлголттой болсон нь ач холбогдол, онцлогтой байлаа.