БҮГД НАЙРАМДАХ ПАЛАУ УЛС ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Бүгд Найрамдах Палау Улс (Palau) Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах конвенцид нэгдэн орох тухай хүсэлтээ гаргасан талаар Бельгийн Гадаад хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдсэнд Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын зүгээс ихээхэн талархалтай байгаа бөгөөд тус улсыг ДГБ-ын 186 дахь гишүүнээр элсүүлэхэд чухал алхам болсон хэмээн мэдэгджээ.

Микронезийн баруун өмнөд хэсэгт байрладаг Бүгд Найрамдах Палау Улс нь ДГБ-д гишүүнээр элссэнээр гаалийн удирдлагыг сайжруулах амлалтаа бататгаад зогсохгүй Ази, Номхон далайн бүс нутгийн гол тоглогч болж, олон улсын худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх хүчин чармайлтад нэгдэж байна. ДГБ-ын зүгээс хэрэгжүүлж байгаа улс орнуудын гаалийн байгууллагуудын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх зорилгод Палау Улс нэгдэж гишүүнээр элсэх нь тус байгууллагын нөлөө, хүртээмж дэлхий дахинд өсөн нэмэгдэж буйн нотолгоо хэмээн онцолжээ. Ингэснээр тус улсын гаалийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах замаар бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих алхам юм гэж дүгнэжээ.

ДГБ-д тус улс гишүүнээр элссэнээр мэдээлэл харилцан солилцох, чадавхийг бэхжүүлэх дэмжлэг, олон улсын хамтын ажиллагааны үр шимийг хүртэх олон боломжийг нээж өгч, үр дүнтэй, үр ашигтай нөхцөлөөр худалдааг хөнгөвчлөх, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах дэлхийн хүчин чармайлтад илүү идэвхтэй оролцох боломжийг олгох болно.

“Бид Палау Улсыг олон улсын гаалийн байгууллагын эгнээнд хүлээн авч байгаадаа баяртай байна” гэж ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ян Сандерс өөрийн мэдэгдэлдээ онцлоод, “Палаугийн газарзүйн болон соёлын өвөрмөц онцлог нь манай байгууллагад үнэ цэнэтэй, олон талт хэтийн төлөвийг авчирна. Энэхүү шинэ түншлэл нь бидний хүчин чармайлтыг шинэлэг ойлголтоор баяжуулж, гишүүд орнууддаа илүү сайн үйлчлэх оновчтой шийдлүүдийг эрэлхийлэхэд түлхэц өгөх болно. Бид ирэх жилүүдэд улам нягт хамтран ажиллахыг хүсэж байна.” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *