“Монгол Шуудан” ХК олон улсын стандартын дагуу улс хоорондын шуудан илгээмжийг хүлээн авч ялган боловсруулах төвийг Төв аймгийн нутагт орших Хөшигийн хөндий дахь шинэ нисэх онгоцны буудалд барьж ашиглалтад оруулан 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл, Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Г.Батбаяр нарын албаны төлөөлөл болон “Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, удирдлага, хамт олон оролцлоо.
Энэхүү ёслолын арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ олон улсын жишигт нийцсэн шуудан илгээмжийг ялган боловсруулах төв нисэх буудалдаа ойрхон байрлалд нээгдэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой, түүнчлэн улс хоорондын шуудангийн үйл ажиллагааны аюулгүй байдал, стандартыг мөрдөх, чанарын менежментийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, шуудангийн үйлчилгээ эрхлэгч нараа манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлж, “Монгол шуудан” компанийн хамт олонд ажлын амжилт хүсээд, Монгол Улсын Засгийн газар, яамны зүгээс шуудангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын түвшинд санаачлага гарган ажиллана гэв.
Энэхүү улс хоорондын шуудан илгээмжийг ялган боловсруулах төв нь нийт 2550 м2 талбайтай, 1800 м2 авто зогсоолтой, жилдээ 3 сая орчим улс хоорондын шуудан илгээмжийг хүлээн авч ялган ангилж, импорт болон экспортод гаргах хүчин чадалтай байгууламж ажээ.
Тус төвд 1500 м2 талбай бүхий гаалийн хяналтын бүс байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Монгол шуудан” компанийн болон бусад шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын экспорт, импортын шуудан илгээмжийг хүлээн авч:
- Гаалийн хяналт шалгалт;
- Гаалийн баталгаат агуулах;
- Гаалийн бүрдүүлэлт, зуучийн үйлчилгээ;
- Гаалийн хяналтын дараахь шуудан илгээмжийг Улаабаатар хот болон орон нутагт гараас гарт хүргэх зэрэг нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх болмжийг бүрдүүлжээ.
Ингэснээр:
- Монгол Улсаас бусад улс оронтой солилцох экспортын болон импортын шууданг хүлээн авах, ялган боловсруулах хурд нэмэгдэж, хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанар сайжирна;
- Экспортын болон импортын шуудан илгээмжид тавих гаалийн болон хилийн хяналт шалгалт хийх орчин нөхцөл сайжирч, шуудангийн аюулгүй байдал хангагдана;
- Улс хоорондын шуудангийн үйл ажиллагаанд мөрдөгддөг шуудангийн аюулгүй байдал, ялган боловсруулах төвийн стандартыг мөрдүүлэх, үйлчилгээний чанарын менежментийг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж, олон улсад үнэлэгдэх Монгол Улсын үнэлэмж, нэр хүнд өсөх зэрэг олон давуу тал бий болж байгаа онцлогтой юм.