ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ХАМТАРСАН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн гаалийн байгууллага, Дэлхийн шуудан холбооны хамтарсан олон улсын хурал “Гааль, шуудангийн хамтын ажиллагааны хүрээнд хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, боломж” сэдвээр 2023 оны 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод зохион байгуулагдаж дэлхийн 100 гаруй орны гааль, шуудан, эрдэм шинжилгээний болон түнш байгууллагын 600 гаруй өндөр түвшний албан тушаалтан, бодлого боловсруулагч, мэргэжилтэн оролцжээ.

Хуралд оролцогчид гааль, шуудан, төрийн байгууллага болон бусад салбарын оролцогч талуудын хооронд тулгарч байгаа нийтлэг бэрхшээл, хамтын ажиллагааны боломж, гаалийн урдчилсан цахим мэдүүлэг, бодлогын стандартчилал, тэдгээрийн уялдаа холбоо зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж гаалийн урдчилсан цахим мэдүүлгийн системийг найдвартай чанартай хэрэгжүүлэх,  бүх түвшний хамтын ажиллагаанд цахим  технологийг ашиглах нь гаалийн үйл ажиллагааг сайжруулах, шуудангийн сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл гэж тодорхойлжээ. Хурлын  үеэр ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Кунио Микурия, ДШХ-ны Ерөнхий захирал Масахико Метоки нар “Аюулгүй, найдвартай, үр ашигтай олон улсын худалдааг дэмжих” хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан нь дэлхийн худалдаа, тээвэрлэлтийг хөнгөвчлөх томоохон алхам болсон байна.

Хурлын хаалтын үеэр ноён К.Микурия бага хурлын ач холбогдол, олон улсын хууль ёсны худалдааг дэмжих, хөнгөвчлөхөд гааль болон шуудангийн байгууллага  чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглээд, дэлхийн шуудангийн нийлүүлэлтийн сүлжээг жигд, аюулгүй, найдвартай, уялдаатай, үр ашигтай ажиллуулахын тулд ДГБ нь ДШХ, түүний гишүүн орнуудын байгууллагуудтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус хуралд Монгол Улсаас Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол Шуудан” ХК-ийн төлөөлөл оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *