БИОЛОГИЙН ИДЭВХИТ ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ

Орчин цагт хүмүүс эрүүл мэнддээ ихээхэн анхаарал хандуулах болсны нэг илрэл нь тэд өдөр тутамдаа витамин, эрдсүүд болон бусад биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэж байгаа явдал юм. Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэгт витаминуудаас гадна  төрөл бүрийн эрдэс бодис, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, амин хүчил болон фермент зэрэг бодис багтдаг байна. Эдгээр бүтээгдэхүүн нь шахмал, капсул, нунтаг хэрбэртэй байхаас гадна ундаа, резинэн чихэр, нүүрс ус , уураг харьцангуй их хэмжээгээр агуулсан шахмал бүхий хүнсний бүтээгдэхүүн  (energy bar) зэрэг олон хэлбэртэйгээр худалдаалагддаг. Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг биологийн идэвхит бүтээгдэхүүний тоонд витамин Д, витамин B12, кальци, төмөр зэрэг эрдэс бодис, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс сармис, нил ягаан боргоцой нэршилт олон наст эмийн ургамал (эхинацея) агуулсан бүтээгдэхүүн түгээмэл байхаас гадна төрөл бүрийн пробиотик (ашигтай бактери) болон загасны тос, глюкозамин зэрэг амьтны гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж байна.

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний (БИБ) гаднах шошго дээр тухайн бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгч, үндсэн үйлчлэгч бодис ба туслах бодис зэрэг орц, тун хэмжээ, хүчинтэй хугацаа болон хадгалах нөхцөл зэрэг мэдээллийг тодорхой бичсэн байдаг байна. Харин хэрэглэгч өөрт зохих тун хэмжээг тооцохдоо таны нас, хүйс ба онцлогт тохируулан эмч эсвэл эм зүйчийн зөвлөсөн зөвлөмжийн дагуу хэрэглэх ёстой.

БИБ нь зөвхөн хүний өдөр тутамдаа хоолноосоо авч чадахгүй байгаа шим тэжээл хэрэгцээт бодисуудыг нэмэлтээр авч нөхөх зориулалттай бүтээгдэхүүн бөгөөд харин аливаа өвчнийг эмчилж илааршуулах зориулалттай эмийн бүтээгдэхүүн биш юм. Түүнчлэн олон улсын эрүүл мэндийн байгууллагууд БИБ нь олон төрлийн орц бүхий эрүүл зөв хооллолтыг орлуулж чадахгүй учир эрүүл хооллолтоор өөрт хэрэгцээтэй шим тэжээлийг нөхөхийг санал болгодог ажээ.

БИБ-ий хүний биед үзүүлэх нөлөөг судалгаа шинжилгээний баримтад тулгуурлан тогтоодог бөгөөд зарим БИБ хүний биеийн үйл ажиллагааг ерөнхий дэмжих нөлөөтэй байдаг бол зарим нь тодорхой өвчин эмгэгийн үед хэрэгдэхэд тустай нөлөөтэй байдаг гэжээ. Жишээ нь: кальци ба витамин Д нь ясны бат бөх чанарыг дэмжих, ясны  сийрэгжилтээс сэргийлэхэд тустай, фолийн хүчил нь зарим ургийн гажгийн үүсэх эрсдэлийг бууруулах нөлөөтэй, загасны тосноос гаргаж авдаг Омега-3 тосны хүчил нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй, витамин С, витамин Е, цайр, зэс, лютейн, зеаксантин зэрэг бэлдмэл насжилттай холбоотой нүдний эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх нөлөөтэй байдаг байна.БИБ хэрэглэх нь сайн үр нөлөөнөөс гадна буруу, зохисгүйгээр эсвэл хуурамч, гарал үүсэл нь тодорхой бус бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд түүнээс үүсэх эрсдэл нь маш аюултай байж болзошгүй байдаг.

Түүнчлэн БИБ нь зарим эм эсвэл бусад БИБ-тэй харилцан үйлчлэлд орон хүсээгүй үр нөлөөг үзүүлж болзошгүй байдаг. Жишээ нь: витамин К нь цус шингэлэх үйлчилгээтэй варфарины үйлчлэлийг багасгадаг учир хамт хэрэглэж болохгүй,  мөн Сиймхий алтанцэгцүүхэй (St. John’s wort) хэмээх сэтгэл гутрал, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед хэрэглэдэг эмийн ургамал нь олон эмтэй (зүрх судасны эм, жирэмснээс хамгаалах эм, ХДХВ-н эм г.м) харилцан үйлчлэлд ордог ба тэдгээр эмийн үр нөлөөг бууруулдаг бөгөөд виматин С, витамин Е зэрэг антиоксиданд бэлдмэл нь зарим төрлийн хорт хавдарын эсрэг хими эмчилгээний үр нөлөөг бууруулдаг байна.

Сүүлийн үед хүнсний үйлдвэрлэгчид хүнсний нэмэлт биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийг ус, ундаа, тараг, сүү зэрэг уух зүйлс болон талх, гурил гэх мэт олон төрлийн хүнсэнд нэмэлтээр оруулдаг болсон бөгөөд хэрэглэгч аливаа хүнсний нэмэлт биологийн идэвхит бүтээгдэхүүний тунг нэмэлтээр давхар хэрэглэх тохиолдолд БИБ-ийн тунгийн илүүдэл үүсч болзошгүй эрсдэлд ордог ба энэ нь хүний биед хүсээгүй гаж нөлөө болон муу үр дагаваруудыг үзүүлж болзошгүй юм. Жишээ нь, витамин А-г хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд толгой өвдөх, элэг гэмтэх, яс сийрэгжих, ургийн гажиг үүсэх эрсдэлтэй, мөн төмрийн бэлдмэлийг хэтрүүлж хэрэглэснээр дотор муухай оргих, элэг ба бусад эд эрхтний гэмтэл үүсгэж болзошгүй байдаг. Тиймээс, аливаа БИБ-г хэрэглэхдээ эмч эсвэл эм зүйчийн зөвлөсөн тунгаар зааврын дагуу хэрэглэх бөгөөд илүү их витамин эрдэс уулаа гээд бие илүү сайжирна гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм.

Манай иргэдийн дунд яригддаг буруу ойлголтын нэг бол бие ядарч сульдах үед амино комплекс дусал, В төрлийн витаминуудын комплекс (Пантоген) гэх мэт дусал тариаг дур мэдэн хийлгэдэг явдал юм. Энэ нь тухайн БИБ-ий тунгийн хэтрэлтэд хүргэж, хүсээгүй гаж нөлөө үүсгэх өндөр эрсдэлтэй ба эмнэлгийн орчинд бус гэртээ хийлгэж байгаа нь бусад судсаар авах халдварын эрсдэлүүдийг давхар нэмэгдүүлж байдаг.

Корона вирусын цар тахлаас үүдэн дэлхий даяар хүмүүс өөрсдийн эрүүл мэндээ хамгаалж, дархлаагаа дэмжихийн тулд БИБ-ийг тэр дундаа витамин С, витамин Д, цайр зэргийг эрчимтэй хэрэглэх болсон нь сайшаалтай хэдий ч үүнийг дагаад БИБ-ий аюулгүй байдал, зохистой хэрэглээ чухал сэдэв болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед манай улсад ажиглагдаж байгаа бас нэгэн асуудал бол иргэд хувь хүн, цахим сүлжээ зэрэг баталгаагүй газраас БИБ-г худалдан авч хэрэглэх тохиолдол олширч байна. Монгол Улсад БИБ-г улсын бүртгэлд бүртгэх тусгай шалгууртай байдаг ба иргэд баталгаатай эмийн сан, эмнэлгийн байгууллага, БИБ худалдаалах зөвшөөрөл бүхий газраас худалдан авах хэрэгтэй. Энэ нь та өөрийгөө хуурамч, чанаргүй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн хэрэглэж хохирохоос хамгаалах зам юм. Бидний “сайн, чанартай” хэмээн хэрэглэдэг АНУ гэхэд БИБ-үүдийн зах зээл маш том бөгөөд үүнийг дагаад хуурамч, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнүүд байх өндөр эрсдэлтэй байдаг.Тиймээс иргэд өөрийн эрүүл мэндийг хамгаалахын тулд БИБ-г хэрэглэхдээ өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнийг эмч болон эм зүйчийн зааврын дагуу, баталгаатай газраас худалдан авч хэрэглэхийг санал болгон зөвлөж байна.

УЛС ХООРОНДЫН ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗАР

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ  Д.ЦАГААНЦООЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *