ДЕ МИНИМИС/de minimis/ ИЛГЭЭМЖИЙН ТУХАЙ

Улс хоорондын  шуудан илгээмжийн  эргэлтийн цар хүрээ, хэмжээ болон хил дамнасан цахим худалдаа дэлхий даяар өсөн нэмэгдэж ихээхэн өрсөлдөөнтэй орчинд шуудангийн үйлчилгээ эрхлэгч / буухиа шуудан/-дын хаалганаас хаалганд гэдэг шаардлага өнөө үед улам өндөрсөж байна.

Агаарын тээврээр ирдэг илгээмж нь гаалийн бүрдүүлэлт хийхэд хугацаа нэлээн шаарддаг, мөн холбогдох журмын зарим заалт цаг үеийн хөгжлийн хурдцаас хоцорсон, нарийвчлан зохицуулагдаагүйгээс хувийн болон арилжааны  бараа,  хил дамнасан цахим  худалдаанд хүндрэл учруулж байгаа тул одоогийн мөрдөгдөж байгаа  гаалийн дүрэм, журмыг нэн даруй хялбарчлах, шинэчлэх шаардлага үүсэж байгаа билээ.

Илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд Дэлхийн шуудан холбооны конвенц, Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц, Шуудангийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 30 дугаар тушаалаар баталсан Шуудангийн үйлчилгээ үзүүлэх дүрэм, Улс хоорондын шуудангийн  илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг тус тус мөрдөж байна.

Киото конвенц/шинэчлэн найруулсан/-ийн шилжилтийн стандартын 4.13-д “de minimis”  буюу худалдаанд хэрэглэж буй “Үл тооцох хувь буюу мөнгөн дүнгийн хэмжээ”-г тогтоох дүрмийг баримтлан “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” (2014 он)-д заасан үнийн доод хэмжээний дагуу импортын  татварыг ногдуулж байна. /Зүйл 4. Илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх, 4.2.1.аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100.0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;/  

ДЕ МИНИМИС /ҮЛ ТООЦОХ ХУВЬ/ нь латин үг бөгөөд de minimis non curat lex  буюу “маш өчүүхэн жижиг зүйлсийг хууль авч хэрэгсдэггүй” гэсэн хэллэгийн товчилсон хэлбэр юм. Гаалийн болон бусад татварын хэт бага дүнг ногдуулж барагдуулснаас зүгээр л хэрэгсэхгүй орхих нь илүү үр ашигтай гэж үздэг байна.

Олон улсын худалдааны танхимын Гаалийн заавар #11-д “de minimis”-ийг барааны, түүний дотор бичиг баримт болон худалдааны дээжийн гаалийн ба бусад татвар ногдуулахгүй үнийн дээд хязгаар гэж тодорхойлсон байдаг бөгөөд бүрдүүлэлтийн горим журмын шаардлага, түүний дотор мэдээлэл гаргаж өгөх шаардлага нь хамгийн бага хэмжээнд байна. /Худалдааг хөнгөвчлөх нэр томьёоны англи-монгол тайлбар толь бичиг/

Бусад улс оронд de minimis буюу гаалийн бүрдүүлэлтээс чөлөөлөх шуудан илгээмжийн хамгийн доод хэмжээг тогтоосон байдаг. Гэтэл манай улсын хувьд аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр ирсэн бүхий л шуудан илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна. Гаалийн бүрдүүлэлт хийх зардлаас ч бага үнийн дүн бүхий шуудан илгээмжийг гаалийн бүрдүүлэлтээс чөлөөлөх, саатуулахгүй эзэнд нь хүргэх гэсэн тулгамдсан зарим асуудлыг худалдааг хөнгөвчлөх ажлын хүрээнд Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналаа өгсөн болно. Гаалийн бүрдүүлэлт хийн төлүүлж байгаа татвараасаа их зардал тухайлбал, ажиллах хүч, цахилгаан, авто замын түгжрэл, цаг хугацаа, агуулахын хураамж, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйлчилгээний хөлс зэрэг зардал гарган бүрдүүлэлт хийж байгаа нь гаалийн байгууллагын хувьд ч чанаргүй хяналт бүрдүүлэлтийн ажиллагаа болж байгаа юм. Жишээлбэл: Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар аж ахуйн нэгжийн нэр дээр ирсэн тэргүүний ажилтны шагналын  нэг ширхэг цом, бэлэг дурсгалын зүйлс, шалгалтын материал, мэндчилгээ гэх мэт барааны үнийн дүн нь 1, 5, 20, 30, 40, 50, 60 ам.долларын үнэ бүхий бүрдүүлэлт их байдаг.

Улс хоорондын шуудан илгээмжийн  гаалийн газарт гаалийн бүрдүүлэлтийн нэлээд олон горим, хэлцлийн кодоор бүрдүүлэлт хийгддэг, барааны ангиллын кодыг нь тодорхойлоход хүндрэлтэй дотоодын зах зээлд анх удаа нэвтэрч байгаа туршилтын болоод загварын бараа гадаадаас ирдэг бөгөөд хяналт, бүрдүүлэлтийн хувьд нэлээд онцлогтой.

Аж ахуйн нэгжийн нэр дээр ирсэн загвар, дээж болон туршилтын (тестийн зориулалтаар ихэвчлэн үнэ төлбөргүй ирүүлдэг) барааны эдийн засгийн ач холбогдлыг судлаж гаалийн бүрдүүлэлттэй холбоотой нийт хичнээн төгрөгний зардал гарч байгааг тооцон тухайлбал 0-100 мян. хүртэлх төгрөгний барааг бүрдүүлэлтгүй оруулах,  татвараас чөлөөлөх буюу саатуулахгүй олгох нь гадаад худалдааг хөнгөвчлөхөд чухал алхам болно гэж үзэж байна. Зарим тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж өөрсдөө  захиалаагүй төрөл бүрийн сурталчилгааны бүтээгдэхүүн/өчүүхэн бага/, хэвлэмэл материалыг  гадаад худалдааны түнш харилцагч талаас нь үнэ төлбөргүй илгээдэг бөгөөд эдгээрийг тухайн хүлээн авагчид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхээс төвөгшөөж буцаах эсхүл татгалзснаар бараа устгах горимд байршуулдаг. Жишээлбэл Япон Улсын гааль 20 мянган иен хүртэлх загвар, дээжинд хамаарах барааг гаалийн бүрдүүлэлтгүй оруулдаг байна. Эдгээр эд зүйлсийг ерөнхийдөө импортын гаалийн болон бусад татвараас чөлөөлдөг /1974 оны Киотогийн конвенцийн хавсралт B.2-т зааснаар, дараахь барааг арилжааны өртөггүй загвар, дээж хэмээн үзэхийг зөвлөсөн/.

Бусад улс орны хувьд үнийн дүн багатай албан бус /өчүүхэн бага үнэтэй, de minimis/  шуудан илгээмжид хялбарчилсан бүрдүүлэлт хийх боломжтой байдаг бөгөөд энэ нь гаалийн мэдүүлгийн  бүхий л хүснэгтийг бөглөхгүйгээр тодорхой хэдэн хүснэгтийг бөглөж бүрдүүлэлт хийдэг гэсэн үг юм. Ингэснээр гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг хугацаа, зардлыг зохих хэмжээгээр бууруулдаг. /Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Киото конвенцийн “Шуудан тээвэр”-ийн талаарх Тусгай хавсралт /

Одоогоор буюу 2023 оны 10 дугаар сарын байдлаар Улс хоорондын шуудан илгээмжийн шуудангийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй 82 байгууллага гүйцэтгэж байгаа бөгөөд үүнээс 6 нь (“Монгол шуудан” ХК, “Ди Эйч Эл” ХХК, “Эс Эф Эм Эл” ХХК, “Туушин смарт ложистик” ХХК, “Сэлэнгэ групп” ХХК, “Централ экспресс” ХХК, “Карголинк” ХХК ) улс оронд буухиа шуудангийн үйлчилгээ үзүүлдэг бол зарим нь зөвхөн олон улсын шуудангийн үйлчилгээг сонгосон (Австрали Улс, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг) 94 улсад үзүүлдэг. “Монгол шуудан” ХК нь гадаадын 192 улсад хүрч ажилладаг бөгөөд манай улсын улс хоорондын шуудан, илгээмж хүргэлтийн зах зээлийн ихээхэн хувийг эзэмшдэг ба бүртгэлтэй болон буухиа шууданг сонгосон улс руу болон тухайн улсаас 4-8 хоногийн дотор агаарын тээврээр хүргэдэг. Тогтмол энгийн шуудан хүргэх хугацаа 14-21 хоног ба заримдаа үүнээс ч их хугацаа зарцуулах үе байдаг болно.

УЛС ХООРОНДЫН ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗАР

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ  Б.ЦЭРЭНДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *