ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭРИЙН ТАЛААР ГОМДОЛ ГАРГАХ
/Гаалийн тухай хуулиас/
16 дугаар зүйл. Гомдол гаргах эрх
16.1.Мэдүүлэгч нь өөрийнхөө эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
17 дугаар зүйл. Гомдол гаргах журам, хугацаа
17.1.Мэдүүлэгч гомдлоо дараахь журмаар гаргана:
17.1.1.гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;
17.1.2.гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;
17.1.3.гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд.
17.2.Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно.
17.3.Энэ хуулийн 17.2-т заасан хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдол гаргагчийн хүсэлтээр уг хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасны дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан нөхөн сэргээж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18 дугаар зүйл. Гомдол гаргах хэлбэр
18.1.Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана.
18.2.Энэ хуулийн 18.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
18.3.Энэ хуулийн 17.1.1, 17.1.2-т заасны дагуу гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн гаалийн байгууллага, албан тушаалтан шаардлагатай бичиг баримтыг гомдол гаргагчаас гаргуулан авч болно.
19 дүгээр зүйл. Гомдол гаргаснаас үүсэх үр дагавар
19.1.Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргасан нь гомдол гаргагчаас тэрхүү шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
19.2.Гомдолд дурдсан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байх хангалттай үндэслэл байгаа, эсхүл тухайн шийдвэрийг биелүүлснээр үлэмж хэмжээний хохирол учрахаар бол гомдлыг хүлээн авсан гаалийн байгууллага, албан тушаалтан уг шийдвэрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно.
20 дугаар зүйл. Гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл
20.1.Энэ хуулийн 17.1.1, 17.1.2-т заасан гаалийн байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана:
20.1.1.гомдол гаргах хугацаа хэтэрсэн бөгөөд гомдол гаргагч тухайн хугацааг нөхөн сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй;
20.1.2.энэ хуулийн 18.1, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй;
20.1.3.гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;
20.1.4.гомдолд дурдсан асуудал гаалийн байгууллагын эрх хэмжээнд хамааралгүй.
20.2.Гомдлыг хүлээн авахаас энэ хуулийн 20.1-д заасан үндэслэлээр татгалзах бол гаалийн байгууллага, албан тушаалтан гомдол хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
20.3.Энэ хуулийн 20.2-т заасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
21 дүгээр зүйл. Гомдол гаргагч гомдлоосоо татгалзах, түүнээс үүсэх үр дагавар
21.1.Гомдол гаргагч гомдлоосоо татгалзан хэдийд ч буцаан авч болно.
21.2.Энэ хуулийн 21.1-д заасны дагуу гомдлоо буцаан авсан нь тухайн гомдлыг хянан үзэхгүй байх, гэм буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй.
22 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа
22.1.Гаалийн байгууллага нь энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэнэ.
23 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх
23.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 17.1-д заасан гомдлыг хянаж гаргасан шийдвэрээ гаалийн удирдах төв байгууллагын даргаас баталсан загварын дагуу бичгээр үйлдэнэ.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан шийдвэр дараахь бүрдүүлбэртэй байна:
23.2.1.гомдлыг хянан шийдвэрлэсэн гаалийн байгууллагын нэр;
23.2.2.гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гаалийн байгууллагын албан тушаалтны овог, нэр, албан тушаал;
23.2.3.гомдол гаргагчийн овог, нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр;
23.2.4.гомдлын товч агуулга;
23.2.5.гомдлыг шийдвэрлэсэн байдал;
23.2.6.шийдвэрийн үндэслэл;
23.2.7.шийдвэрт гомдол гаргах журмын тухай мэдээлэл.
23.3.Гомдлыг хянан үзсэн гаалийн байгууллага, албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
23.3.1.гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзах;
23.3.2.гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг өөрчлөх буюу хүчингүй болгох;
23.3.3.гаалийн байгууллага, албан тушаалтны амаар гаргасан шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдвол зохих шийдвэр гаргахыг түүнд даалгах.
23.4.Энэ хуулийн 23.3.2, 23.3.3-т заасны дагуу гаргах шийдвэрт биелүүлэх хугацааг нь заах бөгөөд түүнийг холбогдох гаалийн байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.