Тус гаалийн газар нь нийт гаалийн улсын байцаагч нарт зориулан хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон түүний угтвар бодисуудыг хууль бусаар хил нэвтрүүлэх үйлдлийг таслан зогсоох болон тарифын бус хязгаарлалттай барааг рентген тоног төхөөрөмжөөр таних, мэдлэг чадварын түвшинг шалгах зорилгоор ажлын байрны сургалт зохион байгуулж улмаар бодит байдал дээр тестийн болон рентген тоног төхөөрөмж дээрх шалгалтуудыг авсан.
Ажлын байрны шалгалтанд сургалтын зорилгоор тодорхой нэрийн бараануудыг хийж тусгай илгээмжийг бэлтгэж ашигласан. Тус шалгалтыг дараахь дөрвөн төрлийн үзүүлэлтээр дүгнэсэн.
Үүнд:
- Рентген тоног төхөөрөмжийг асаах, унтраах үйлдэл;
- Дэлгэц дээр дүрсийг ухраах болон урагшлуулах үйлдэл;
- Дэлгэц дээр гарсан дүрсийг бүх өнгөнд шилжүүлэх;
- Хориглосон, хязгаарласан барааг таних, тодорхойлох чадвар.
Мөн рентген тоног төхөөрмжийн анхааруулга, таних тэмдэгийг хэрхэн таниж, мэдэж байгаа талаар тест бэлдэж шалгалт авсан.
Энэхүү ажлын байрны сургалт болон шалгалт авсанаар ГУБ бүрийн мэдлэг чадварын түвшинг шалгах, ур чадвараа нэмэгдүүлэхэд анхаарах, цаашид улам ихийг судалж мэдэхэд түлхэц өгсөн үр дүн сайтай сургалт болсон.
Газрын хэмжээнд ГУБ тус бүрт рентген тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл агуулсан өнгөтөөр тус бүрийг тайлбарласан гарын авлага бэлдэж түгээсэн.
ГУБ нарт зориулсан гарын авлага
Мөн рентген тоног төхөөрөмж дээр ажиллах чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, залуу байцаагч нарын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэдэнд дадал эзэмшүүлэх чиглэлээр санаачлан рентген тоног төхөөрөмж тус бүрийн товчлуурын танилцуулга болон ажиллах заавартай гарын авлага бэлтгэн түгээсэн.