2019 оны Гааль сэтгүүлд тавигдсан мэдээлэл болно.
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь гаалийн улсын байцаагчдын рентген аппаратын тусламжтайгаар хар тамхи, мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус зөрчлийг илрүүлэх мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэхэд голлон анхаарч ажиллаж байна.
2018 оны жилийн эцэс, 2019 он эхний улирлын байдлаар тус гаалийн газар нь хар тамхи, мансууруулах, угтвар болон сэтгэцэт нөлөөт бодисыг их, бага хэмжээгээр улсын хил хууль бусаар нэвтрүүлэх гэсэн 23 удаагийн зөрчлийг гаалийн байцаагчдын олон жилийн ажлын туршлага, рентген тоног төхөөрөмж дээр ажиллах ур чадварын ахисан түвшин, чадамж, эдгээр бодисыг таних, ангилах, ялгах, илрүүлэх дадал сургуулилалтын үр дүнгээр илрүүлж байна. Зөвхөн 2019 оны эхний 4 сарын байдлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс, ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газартай хамтран “Монгол шуудан”, “Ди эйч эл” дэх гаалийн хяналтын бүсээс мансууруулах, угтвар, сэтгэцэт нөлөөт бодис, бэлдмэлийн 11 удаагийн зөрчлийг илрүүлээд байна.