“ДИЖИТАЛ ЭРИН ҮЕИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ: ТЕХНОЛОГИ АШИГЛАХ, ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ, ГААЛИЙН АЛБАНЫ ЗАЛУУ ҮЕ, ЗАЛГАМЖ ХАЛААГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ”

Нээлтийн арга хэмжээний эхэнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гаалийн ерөнхий газрын дэд захирал Нгуен Ван Тхо, Дэлхийн гаалийн байгууллагын Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга Ханс Питерс нар энэхүү бага хуралд оролцож байгаа бүх оролцогч тал, хүмүүст талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Тус хурлаар инноваци, технологийг нэвтрүүлэхэд бэлтгэгдсэн ажилтан чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлоод энэ дагуу хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь зүйтэй гэв. “Технологи нь бидний боломж бөгөөд хүмүүс үүнийг бий болгоно, үр дүнтэйгээр ашиглана” гэсэн санаа чуулганы хуралдаанд оролцогчдын илтгэлд олонтоо дурдагдлаа. Энэ нь бодлогын оновчтой тогтолцоо, тасралтгүй сургалт хөгжүүлэлт, боловсон хүчнийг технологийн мэдлэгтэй болгох хэрэгцээ улам ихээр шаардлагатай болсныг харуулж байна.
Мөн чуулганы хуралдаануудаар гаалийн байгууллагууд мэдээллийн засаглал, мэдээллийн экосистемийг бий болгох ач холбогдлын талаар илүү ихийг мэдэж, үйл ажиллагаандаа аль болох түлхүү ашиглах нь зүйтэй гэж үзлээ.

Технологийг нэвтрүүлэхтэй холбоотой стандартуудыг ашиглах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар уриалга гаргасан байна. Дэлхийн гаалийн байгууллагаас мэдээллийн загвар болон нэгдсэн платформын ажлыг онцолж, гишүүн орнуудын гаалийн байгууллага дэвшилтэт технологиудыг хэрхэн үр дүнтэй ашиглах, үүнтэй холбоотойгоор   стандартыг уялдуулах шаардлага байгааг тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн үеэр гаалийн байгууллага болон төрийн бусад байгууллага, аж үйлдвэр технологи, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны уялдааг хангахад ихээхэн анхаарахыг зөвлөсөн байна. Энэ хүрээнд Дэлхийн гаалийн байгууллагын  технологийн бага хурал, үзэсгэлэн нь мэдээлэл, ойлголт, оновчтой шийдэл, шилдэг туршлагыг хуваалцах гол арга хэмжээний нэг хэвээр байгааг хаалтын арга хэмжээний үеэр онцлон тэмдэглэлээ.

Үзэсгэлэнгийн арга хэмжээний хүрээнд гаалийн хяналт шалгалт болон бусад чиглэлээр ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл, программ хангамж, аппликэйшн, ухаалаг болон хиймэл оюун ухааныг ашигласан бүтээл, тоног төхөөрөмж зэргийг танилцуулсан байна.

Дэлхийн гаалийн байгууллагын 2024 оны технологийн бага хурал, үзэсгэлэнг  Арабын Бүгд Найрамдах Египет Улсын гаалийн байгууллага зохион байгуулахаар болж энэ удаагийн чуулганы хаалтын хуралдаан өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *