ШУУДАНГИЙН САЛБАРЫГ ЦАХИМЖУУЛЖ, ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ

“ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ-2023” зөвлөгөөнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гаалийн ерөнхий газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ , МИАТ ХК, Улс хоорондын шуудангийн холбоо болон шуудангийн үйлчилгээ эрхлэгч төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий 120 оролцогч оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнөөр дотоодын болон улс хоорондын шуудан тээвэрлэлт, хүргэлт, цахим худалдааны нөхцөл байдал, шуудангийн үйлчилгээний цахим шилжилт, шуудангийн болон гаалийн байгууллагын ажлын уялдаа холбооны талаар оролцогч талууд илтгэл тавьж,  өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, гарц шийдэл, орчин үеийн шуудангийн үйлчилгээний чиг хандлага, хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах, түүнчлэн шуудангийн харилцан холболтын боломжийн талаар санал бодлоо илэрхийлж, нээлттэй санал солилцсон юм. Тухайлбал:

  • Шуудангийн салбарын зохицуулалт
  • Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналт
  • “Монгол шуудан” ХК-ийн шуудангийн үйлчилгээний талаар танилцуулга 
  • МИАТ ХК-ийн ачаа, шуудангийн тээвэрлэлтийн тухай
  • Авто вокзалуудад илгээмжийн ачааг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, хүлээлгэн өгөх үйл ажиллагааны тухай
  • Ток ток ХХК “Нэг мөчид мянган хүргэлт”
  • Дроны технологи, хүргэлтийн үйлчилгээ
  • Улс хоорондын шуудангийн холбооны үйл ажиллагааны тухай.

Г.ЧИНЗОРИГ: ШУУДАНГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛНА

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг зөвлөгөөнийг нээж  “Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн технологийн шийдлүүдийг боловсруулж, шинэ төрлийн инновацыг нэвтрүүлээд байгаа энэ үед цахим хөгжлийг дагасан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ биднээс илүү хурдтай, найдвартай, шинэлэг дэвшилттэй бүтээгдэхүүн үйлчилгээг шаардаж байна. Иймд бид энэ удаагийн зөвлөгөөнийг дотоодын болон улс хоорондын шуудангийн тээвэрлэлт, хүргэлтийн үйл ажиллагаа, цахим худалдааны орчны нөхцөл байдал, шуудангийн үйлчилгээний цахим шилжилт, шуудан болон гаалийн байгууллагын ажлын уялдаа холбооны талаар оролцогч талууд мэдээлэл солилцсон, хамтын ажиллагаа, шуудангийн харилцан холболтыг шинэ шатанд гаргахыг зорьж зохион байгуулж байна. Түүнчлэн шуудангийн салбарын хүний нөөцийг чадавхжуулахад анхаарч, Ази, Номхон далайн шуудангийн коллежийн зөвлөх багшийг энэхүү зөвлөгөөний үеэр урин авчирч, үйлчилгээ эрхлэгчдэд хоёр өдрийн сургалт зохион байгуулж байгаа нь энэ жилийн зөвлөгөөний онцлог юм. Харилцаа холбооны зохицуулах хороо шуудангийн хөгжлийг дэмжих, үйлчилгээгээ улам сайжруулж, чанаржуулах талаар та бүхний гаргасан үнэтэй санал зөвлөгөөг байнга дэмжин ажиллана” хэмээн хэллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү “Цар тахлын улмаас цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдсаж, шуудангийн салбарт ахиц авчирсан. Цахим худалдаа, шуудан хүргэлтийн үйлчилгээнд чухал зүйлийн нэг бол хаягжилт. Манай улсад хаягжилт хангалтгүйн улмаас хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсдэг бөгөөд илгээмжийн хүргэлт удаашрах, хугацаандаа очихгүй байх, төөрөх бэрхшээл гарсаар байгаа нь хаягжилтаа цэгцлэх шаардлагатайг харуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Монгол шуудан”ХК-тай хамтран шинэ дэд бүтэц, аюулгүй байдал, цахим худалдааны шинэ төслүүдэд “what3words” технологийг ашиглаж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт байрших 2200 гаруй айл өрхийн хашаанд “what3words” хаягийн самбар байршууллаа. Ингэснээр оршин суугчийн хаягийг шуудан хүргэгч, яаралтай тусламжийн 103,102,101- ийн баг түргэн шуурхай шууд олж очих боломжтой боллоо.

Цаашид “Amazon flex”, “Shepra” зэрэг аппликейшнд суурилсан хүргэлтийн үйлчилгээ болно гэж харж байна. Үр дүнд нь төрийн болон хувийн өмчит шуудан хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчид заавал хүргэлтийн машин тэрэгтэй байхаас илүүтэйгээр автомашин бүхий иргэдтэй гэрээ хийж шуудан хүргэлтийн үйлчилгээний нэг хэсэг болох загвар бүрдэнэ. Цахим худалдааны бас нэг томоохон асуудал нь олон улсын төлбөр тооцоо гэж яамнаас харж байгаа. Энэ ажлын хүрээнд “Арply pay”, “Google pay”, “Paypal” зэрэг гадаад төлбөр тооцооны хэрэгслүүдийг нэвтрүүлэхэд анхаарч, уг ажлыг хэрэгжүүлэхэд урт хугацааны гэрээ хэлцэл хийх хийх тул хугацаа авах ч ойрын ирээдүйд шийдэгдэнэ. Мөн манай яамнаас шуудангийн маркийг виртуал орчинд байршуулан NFT хэлбэрээр борлуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Цахим хөгжлийг хурдасгахад шуудангийн салбар чухал үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй. Иймээс төр ба хувийн хэвшил хамтдаа нэг зорилготойгоор салбарын хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая гэсэн юм.

П.ЦЭРЭННЯМ: ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Шуудангийн салбарын зохицуулалтын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны ШЗГ-ын дарга П.Цэрэнням илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлдээ дотоодын болон улс хоорондын шуудан харилцааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдлаа. Түүнчлэн “Шуудангийн салбарынхныг мэргэшил дээшлүүлэх сургалтуудад хамруулсан. Шуудангийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод автомашины дугаарын хязгаарлалт харгалзахгүй замын хөдөлгөөнд оролцуулж байна. Цаашид дижитал систем нэвтрүүлэх, илгээмжийн аюулгүй байдалд анхаарч,  шуудангийн салбарын цахим шилжилтийг хийх болно” гэлээ.

Улс хоорондын шуудан илгээмжийн тусгай зөвшөөрөл бүхий 99 байгууллага байдаг. Шуудангийн тусгай зөвшөөрлийн тоо жилээс жилд нэмэгдсээр иржээ. Манай улсын тухайд олон улсын агаарын тээвэр болон боомтын тоог нэмэгдүүлсэн хэдий ч ачаа хүлээн авах бэлтгэл хангалтгүй байна. Өнөөдрийн байдлаар 92 орноос илгээмж хүлээн авдгаас АНУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Австрали, Сингапур улсаас хамгийн их илгээмж хүлээж авдаг гэнэ.

Гаалийн тухай хууль 2008 онд шинэчлэн батлагдснаас хойш шуудангийн үйлчилгээний чиглэлээр өөрчлөлт ороогүй, өнөөдрийг хүртэл хэрэгжсээр ирсэн. Өнөөдрийн нөхцөлд шуудан илгээмжийн журмыг өөрчлөх шаардлагатай байгаа аж.

Тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, хариулт авав. Хил дамжсан илгээмжид манайх шуудан илгээмжийн гарц нээсэн эсэх, гаалийн хяналтын бүсийг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаарх асуултад гаалийн байгууллагын төлөөлөл “Боомтын болон гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг зэрэг боомтод транзит ачааны гарцыг тусад нь төлөвлөсөн. Энэ хүрээнд дамжин өнгөрөх ачаа бараа тусдаа гарцаар гарна. “Монгол шуудан”ХК-иас хүсэлтээ тавьснаар гаалийн хяналтын бүсэд шилжүүлэх ачих нь нээлттэй байгаа. Цахимаар хүсэлтээ гаргаад гаалийн хяналтын бүсийг шинээр тогтоох боломжтой. Эхлээд төслөө гаалийн байгууллагад танилцуулсны дагуу зөвшөөрөл авна. Шуудан илгээмжийн төрөлжсөн гаалийн хяналтын бүс дутагдалтай байгаа” гэдгийг тайлбарлав.

Улс хоорондын шуудан илгээмжийн терминалыг нэмж байгуулахад хөрөнгө мөнгө шаардсан, өртөг зардал өндөртэй байдаг. Өнөөдөр албан ёсны зөвшөөрөлтэй гурван компани үйл ажиллагаа явуулдаг аж. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд “Монгол шуудан” ХК-ийн терминал ашиглалтад удахгүй орсноор ачаалал зохих хэмжээгээр буурна. Газар шуудангийн терминалыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ. Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дахь “Монгол шуудан” компанийн терминалыг үйлчилгээ эрхлэгчдэд зориулж хэвийн ажиллуулж байна. Улс хоорондын газрын ачаа нэгдсэн зохион байгуулалтад орж, хамтарч ажиллана” гэдгийг ХХЗХ-ны ШЗГ- ын дарга П.Цэрэнням тодотгов.

Мөн иргэдээс ачаа, илгээмж авахад утасны болон регистрийн дугаарыг нь авч хүлээлгэж өгдөг. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуулиар иргэд регистрийн дугаараа өгөхөөс татгалздаг талаар оролцогчид учирлаж, тайлбар хүсэхэд: “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуух зохицуулалтаар шуудангаар үйлчлүүлэгчдийн мэдээлэл бүхий регистрийн дугаарыг мэдүүлэгтээ бөглөх шаардлага үүсэж байгаа, “Үйлчилгээ эрхлэгчид хэрэглэгчдийг төлөөлж гаалийн байгууллагатай харилцдаг. Үйлчилгээ эрхлэгчид ч хувь хүний нууцлалын тухай асуудлыг хөнддөг. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хэрхэн оновчтой шийдэх боломжтой тухай чиглэл хүссэн албан бичиг явуулсан. Цахим шилжилтийн хүрээнд бүртгэгдсэн албан ёсны бүртгэлтэй цахим шуудангийн хаягийг бөглөхөд энэ асуудал цэгцрэх байх. Үүнд бэлтгэл ажил хэрэгтэй” гэсэн хариултыг ХХЗХ-ны ШЗГ-ын дарга П.Цэрэнням хэлэв.

УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРЖЭЭ

Шуудангийн үйлчилгээ эрхлэгчид орон нутагт зам, гүүрээр нэвтрэх бүрдээ хураамж төлдөг. Үүнд зохицуулалт хийх шаардлагатайг оролцогчид хэллээ. Уг нь Шуудангийн тухай хуульд шуудангийн тээврийн хэрэгсэл нь зогсоолд зогсох, гүүрээр нэвтрэх эрхтэй гэж заасан байдаг аж. Гэвч зогсоол болон зам, гүүр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшилтэй холбоотой. Хэлэлцүүлгийн үеэр мөн дайвар ачааны асуудлыг хөндсөн юм. Албан ёсны бүртгэлтэй үйлчилгээ эрхлэгчдийн зэрэгцээ орон нутагт хувиараа тээвэрлэлт хийдэг иргэд илгээмж авдаг. Учир нь, албан ёсны бүртгэлтэй үйлчилгээний тээвэр тогтсон цаг, хугацаандаа илгээмжийг хүргэдэг бол хувийн тээврийн хэрэгсэл цаг хугацаа үл хамаардаг, шуурхай хүргэдэг онцлогтой. Цаашид ачаа тээврийн аюулгүй байдалд анхаарч, хууль бус үйлчилгээг зогсоох зохицуулалт хийх талаар ярилцлаа.

Улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээ эрхлэгчдийн ашиг сонирхлыг нэгтгэсэн “Улс хоорондын шуудангийн холбоо” төрийн бус байгууллага байдаг байна. Харин дотоодын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэгчид одоогоор нэгдсэн зохион байгуулалтад ороогүй байгаа аж.

Тус зөвлөгөөнөөр “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан”, “МИАТ”, “Ток ток”, компани, Улс хоорондын шуудангийн холбоо тус тус үйл ажиллагааныхаа талаар  танилцуулга хийсэн. Дотоодын шуудан үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хэрэглэгчдэд илгээмжийг шуурхай, хурдан хүргэхэд анхаарах хэрэгтэйг дурдаж байлаа.

Түүнчлэн инновац, шинэ үйлчилгээ, дроны хүргэлтийн талаар ХХЗХ-ны Технологийн хөгжлийн төвийн дарга С.Долгорсүрэн илтгэлдээ онцолсон. Нисгэгчгүй агаарын тээвэр шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэгчдийн анхаарлыг татах болсон. 2002 онд батлагдсан хуульд хүнгүй агаарын тээврийн зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Шуудан илгээмжийн үйлчилгээнд дроныг нэвтрүүлэх талаар хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсруулж байгаа аж.

Ийнхүү шуудангийн салбарын үйлчилгээ дижитал технологид шилжилж, дрон ашиглах тухай хууль батлагдсанаар шинэ түвшинд гарах бэлтгэл ажлаа тэд хэрэгжүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *