УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.28/ нэгдсэн хуралдаанаар Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулахдаа, тус хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг үр ашигтай, ил тод болгох, худалдаатай холбоотой цахим өгөгдөл болон баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ, бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбооны уялдааг хангахад оршиж байгааг онцолсон. Цааснаас цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, улмаар хүртээмжтэй болгож, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн хөтөлбөрийн зорилттой уялдан нийцнэ гэж үзэж байгаа илэрхийлсэн юм. Мөн 2018 онд Монгол Улсын хил дамнасан цаасгүй худалдааны эрх зүйн орчин, техникийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэсэн. Энэхүү судалгаагаар Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 10 орчим хувиар, харин тус хэлэлцээрийг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээртэй хамтатган бүрэн хэрэгжүүлэх тохиолдолд худалдааны зардлыг 30 орчим хувиар бууруулж, улмаар экспорт, импортод зарцуулах хугацааг 55-60 хувиар хэмнэх тооцоо гарсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн гаалийн байгууллага шинэчлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, цахимжуулах ажлыг хийж байгаа, www.gaali.mn портал сайтаар дамжуулан хаанаас ч гаалийн байгууллагатай цахимаар харилцаж, гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт хийх, гаалиас 36 нэр төрлийн лавлагаа авах боломжтой болсон. Цаасгүй худалдаанд шилжихийн тулд Ерөнхий хэлэлцээр батлагдсаны дараа хоёр талын хэлэлцээр хийгдэнэ. Үүнтэй холбоотойгоор хөрш хоёр оронтой цахимаар гаалийн зарим мэдээллээ солилцож эхэлсэн. ОХУ-аас гаалийн мэдүүлгийг цахимаар авч эхэлсэн. БНХАУ-аас ачаа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг цахимаар авч байгаа. Цаашид хэлэлцээр батлагдан хэрэгжихэд гаалийн байгууллагын ажилд ямар нэг саад хүндрэл гарахгүй хэмээн хариуллаа.