Гаалийн хяналтын бүсийн журам

 Гааль, татварын ерөнхий газрын даргын

2016 оны А/44 дүгээр тушаалын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Гаалийн хяналтын бүс, түүний хил, дэглэм тогтоох, гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд  энэхүү журмыг мөрдөнө.

1.2.  Гаалийн газар, хороо, салбар (цаашид “Гаалийн байгууллага” гэнэ)-ын хариуцах нутаг дэвсгэрт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн хяналтын бүсийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар 3 хүртэл жилийн хугацаатайгаар  тогтооно. 

1.3   Гаалийн хяналтын бүсийг тогтоох болон үйл ажиллагаагтүдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

1.4.  Энэ журмын 1.2-т заасан хугацааг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар 3 хүртэл жилийн хугацаагаар хэдэн ч удаа сунгаж болно.

1.5  Гаалийн хяналтын бүсийг  барааны төрлөөр нь ангилж болно.

Хоёр. Гаалийн хяналтын бүсэд тавигдах нөхцөл шаардлага, бүрдүүлэх баримт

2.1 Дараахь нөхцөл, шаардлагыг хангасан гаалийн хяналтын бүсийн төсөл хийж гаалийн байгууллагад ирүүлнэ.

2.1.1    Гаалийн хяналтын бүс байгуулах эдийн засгийн үндэслэл, шаардлагын талаарх танилцуулга

2.1.2  Гаалийн хяналтын бүсийн байршил, хяналтын бүсэд байрших барилга байгууламж, тоног төхөөрөмжийн тухай бүдүүвч зураг

2.1.3 Гаалийн бүрдүүлэлт хийгдсэн барааны тээвэрлэлтийг хэрхэн хийх тухай танилцуулга

2.1.4 Гаалийн байгууллагын ажилтнууд хэвийн, аюулгүй байдалд ажиллах нөхцөл хангасан ажлын байр, шаардлагатай тохиолдолд амьдрах байрны талаарх мэдээлэл

2.2  Гаалийн хяналтын бүсийн төслийг доор дурдсан байдлыг харгалзан үзэж хянана.

2.2.1 Төсөлд дурдсан зориулалтаар тухайн нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүс байгуулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэх

2.2.2  Гаалийн байгууллагын боловсон хүчний нөөц хүрэлцэх эсэх

2.2.3 Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нөхцөл бүрдсэн эсэх

2.2.4 Тухайн үйл ажиллагаанаас эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татварыг барагдуулах санхүүгийн чадавхитай болохыг нотолсон аудитаар баталгаажуулсан тайлан

2.2.5 Гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах бараа, тээврийн хэрэгслийн урьдчилсан төлөв болон үйлчилгээ үзүүлэх зардлын тооцоо

2.2.6 Гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шинэ техник, технологи нэвтрүүлж буй байдал

2.3 Төслийг дээрх үзүүлэлтээр хянасны үндсэн дээр тухайн зориулалтаар гаалийн хяналтын бүс шаардлагатай эсэх талаарх хариуг бичгээр мэдэгдэнэ.

2.4 Гаалийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр төслийн дагуу хөрөнгө оруулалт хийн гаалийн хяналтын бүс  тогтоолгох тохиолдолд  дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна.

2.4.1.  гаалийн хяналтын бүсэд орох, гарах хаалганаас бусад газраар бараа, тээврийн хэрэгсэл, бие хүн нэвтрэх боломжийг хаасан хашаа татсан байх;

2.4.2. Гаалийн хяналтын бүс нь Монгол Улсын стандарт /MNS 5832:2007/-днийцсэн байх;

2.4.3.  Гаалийн хяналтын бүсийн хэмжээ нь гаалийн хяналт, шалгалт хийх шаардлага хангасан байх

2.4.4.  төмөр замын дагуу байрлах гаалийн хяналтын бүсэд улиралд ачиж, буулгах бараа, тээврийн хэрэгслийн тоог улирал бүрийн эхний сарын 10-ны дотор харьяалах гаалийн байгууллагад өгч, сараар тодотгол хийж байх;

2.4.5.  гаалийн байгууллагатай мэдээллийн  сүлжээнд холбогдон гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт тавихад шаардагдах техник, тоног төхөөрөмж суурилуулсан байх;

2.4.6.  гаалийн хяналтын бүс нь олон нийтэд мэдэгдэхүйц таних тэмдэгтэй байх бөгөөд таних тэмдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй 1.0х0.60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр “Гаалийн хяналтын бүс” гэсэн бичээстэй, зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг байх;

2.4.7.  гаалийн хяналтын бүсэд болон гадна талд нь тарифийн бус хязгаарлалттай бараатай холбогдол бүхий хууль тогтоомж, бүсийн дэглэмийг олон нийтэд анхааруулсан самбар, дэлгэц байрлуулсан байх;

2.4.8.  санхүүгийн тайлан баланс, банкны байгууллагын тодорхойлолт, даатгалтай бол даатгалын гэрээ гэх мэт/;

2.4.9. гаалийн хяналтын бүсэд тавих нөхцөл шаардлагыг хангасан эсэх талаар  харьяалах гаалийн байгууллагын тодорхойлолт

Гурав. Гаалийн хяналтын бүсийн хил

3.1.Гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  тогтооно. Шаардлагатай бол гаалийн хяналтын бүсийн хилийг хилийн хяналтын  холбогдох алба, эсвэл аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон тогтоож болно.

3.1.1 Гаалийн хяналтын бүсийн хил, харьяаллыг эзэмшигч болон харьяалах байгууллагаас ирүүлсэн хүсэлт, үндэслэл, шаардлагыг судлан үзсэний үндсэн дээр гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар шинэчлэн тогтооно.

3.2.  Гаалийн хяналтын бүсэд  дараахь барилга, байгууламж, талбайг багтаан хамааруулж болно.

3.2.1. шалган нэвтрүүлэх боомт болон хилийн хяналтын бусад албадын ажлын байр;

3.2.2.  тээвэр зуучийн болон холбогдох бусад аж ахуйн нэгж байгууллагын бараа, тээврийн хэрэгсэл хадгалах, ачих, буулгах, бараа ялгах ангилах талбай, агуулах;

3.2.3. шаардлагатай бол гаалийн байгууллагатай гэрээ хийсний үндсэн дээр гаалийн хяналтын бүсэд ажиллах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагын байр, талбай бусад байгууламж.

3.3.  Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсээс өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байрыг  гаалийн хяналтын түр бүс гэж тооцно.

3.4.  Гаалийн бичиг баримтын шалгалт, гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн шалгалт зэрэг нь өөр өөр газарт хийгддэг бол тэдгээрийг гаалийн нэг хяналтын бүс гэж ойлгоно.

3.5.  Гаалийн хяналтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хэрэгжүүлэх тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтын түр бүс болно.

Дөрөв. Гаалийн хяналтын бүсийн дэглэм

4.1.Гаалийн хяналтын бүсэд нэвтрэхэд гаалийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ. Уг зөвшөөрөл нь байнгын болон түр хугацаатай байна.

4.2. Байнгын зөвшөөрөл нь тухайн хяналтын бүсэд тогтмол ажил үүрэг  гүйцэтгэдэг ажилтанд олгогдоно. Тухайн гаалийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дээрх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагын үнэмлэх орлож болно.

4.3. Шаардлагатай бол түр хугацааны зөвшөөрлийг дараахь ажилтан, албан тушаалтанд олгоно:

4.3.1. мэргэжлийн хяналтын ажилтан;

4.3.2. засвар үйлчилгээ-техникийн ажилтан;

4.3.3. нийгмийн дэг журам сахиулах ажилтан;

4.3.4. хүн эмнэлгийн ажилтан;

4.3.5. онцгой байдлын албаны ажилтан;

4.3.6. эрх бүхий бусад ажилтан.

4.4.  Зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг гаалийн бүрдүүлэлт хийлгэх зорилгоор хяналтын бүсэд нэвтрүүлэхэд биеийн байцаалтын баримт бичиг (үнэмлэх, гадаад паспорт), зорчигчийн тийз, холбогдох барааны баримтыг үндэслэн нэвтрүүлнэ.

4.5.  Бараа эзэмшигч, тээвэрлэгч гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгслийг оруулснаас хойш 30 минутын дотор гаалийн байгууллагад бүртгүүлнэ.

4.6.  Барааг гаалийн хяналтын бүсэд оруулснаас хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн хяналтын бүсийн эзэмшигч барааг гаалийн хяналтан дор гаалийн түр агуулахад оруулна.

4.7.  Хяналтын бүсэд хадгалах хугацаа хэтэрсэн барааг шилжүүлэх түр агуулах байхгүй тохиолдолд гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнээр тооцож гаалийн хяналтын бүсэд хадгална. Хадгалалтын хураамжийг эзэмшигч байгууллагын тогтоосны дагуу тооцно.

4.8.   Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч гаалийн хяналтын бүсэд байршиж буй бараа, тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр мэдээг гаалийн байгууллагад гаргаж өгнө.

4.9.  Гаалийн хяналтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

4.9.1.  гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөгдсөнөөс бусад газраар нэвтрэх, бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;

4.9.2.  гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бараа,   тээврийн  хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;

4.9.3.  гаалийн байгууллага зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах;

4.9.4.  гаалийн хяналтын бүс, гаалийн хилийг тодорхойлсон анхааруулга, тэмдгийг эвдэх, гэмтээх, өөрчлөх, хяналтын бүсэд  нийгмийн хэв журам алдагдуулах;

4.9.5. гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн зориулалтаар байр талбай түрээслүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах.

Тав. Захиалга дуудлагаар гаалийн бүрдүүлэлт хийх

5.1.  Мэдүүлэгч (цаашид “захиалагч” гэнэ)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчдийн газар  болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээшинд хийх гаалийн хяналт, бүрдүүлэлтийг Гаалийн тухай хуулийн 236.5-т  заасны дагуу  өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болно.

5.2.  Захиалагч гаалийн хяналт, шалгалтад шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлсний эцэст бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийлгэхээс 1-3 хоногийн өмнө захиалгыг харъяа гаалийн байгууллагад  тухай бүр энэ журмын Нэгдүгээр хавсралтаар баталсан захиалгын хуудсаар өгнө.

5.3.  Гаалийн хяналтын түр бүсэд захиалгаар  үйлчлэхэд  үйлчилгээний төлбөрийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлагдсан хэмжээгээр тооцож авна.

5.4.  Гаалийн байгууллага захиалагчаас  төлбөртэй  ажиллуулах захиалга хүлээн авахдаа тухайн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлтийг гаалийн хяналтын түр бүсэд хийх шаардлагатай эсэхийг нягтлан шалгасны эцэст шийдвэр гаргана.

5.5.  Тухайн харьяалах гаалийн байгууллагын дарга, эрхлэгч нар ажлын ачаалал, үргэлжлэх хугацаа, гаалийн хяналт шалгалтын арга хэлбэр, онцлогийг харгалзан  гаалийн улсын байцаагчийг томилж, ажлын заавар, чиглэл өгнө.

5.6.  Захиалагч гаалийн хяналт, шалгалтыг хийх ажлын байр, гаалийн улсын байцаагчийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ гаалийн улсын байцаагчийг унаагаар хангах бөгөөд ажлын өдрийн үргэлжлэх хугацаа Монгол Улсын Хөдөлмөрийн хуулинд заасан цагаас илүүгүй байна. Зайлшгүй тохиолдолд зөвхөн томилсон албан тушаалтны зөвшөөрлөөр илүү цагаар ажиллана.

5.7.  Захиалагч гаалийн улсын байцаагчийн тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу удаа дараа зөрчиж байгаа захиалагчид гаалийн байгууллага захиалгаар үйлчлэхээс татгалзаж болно.

5.8.  Захиалагч нь гаалийн улсын байцаагчийн албан үүрэгтэйгээ холбогдолгүй тавьсан хүсэлт, шаардлагын тухай гаалийн байгууллагад мэдэгдэх эрх, үүрэгтэй.

5.9.  Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийн ажилласан хугацааг тооцохдоо эхэлсэн цагийг гаалийн байгууллагаас гарсан цагаар, дууссан цагийг гаалийн бүрдүүлэлт хийгдсэн тухай баримт үйлдэж төлбөр хийгдсэн, эсхүл нэхэмжлэл бичсэн цагаар тогтооно.

5.10.   Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийсний хураамжийг 60 минут бүрээр тооцож, ажил дуусахад дараагийн цаг эхэлсэн бол 30 минут хүртэл хагас цагаар, 30-аас дээш  минутыг нэг цаг гэж тооцно.

5.11.   Гаалийн тэмдэглэгээ (лац, ломбо, битүүмжлэл)-ний бүрэн бүтэн байдлыг захиалагч хариуцна.

5.12.   Гаалийн улсын байцаагчийн тавьсан тэмдэглэгээнд өөрчлөлт орсон тохиолдолд дахин шалгалт хийх бөгөөд анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийг заавал байлцуулна. ГУБ-ийг байлцуулах боломжгүй тохиолдолд тухайн газрын дарга ажлын хэсэг томилно.

5.13.   Захиалагч зөрчил гаргасан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

5.14.   Гаалийн улсын байцаагч нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

5.15.   Гаалийн улсын байцаагч захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийсэн тухайгаа томилж явуулсан албан тушаалтанд 24 цагийн дотор мэдэгдэж, захиалгын хуудсаа хаалгана. Захиалгын хуудсыг “Татвар, хураамжийн орлогын  хуудас” (Маягт №1)-тай хамт үдэж хавсаргана.

Зургаа. Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

6.1.  Гаалийн хяналтын бүс нь энэ журмын 2.1-д  заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон, эсхүл эзэмшигч энэ журмын 4-д заасан гаалийн хяналтын бүсийн дэглэмийг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн бол зөрчлийг арилгуулах зорилгоор гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

6.2.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаалийн хяналтын бүс тогтоосон шийдвэрийг дараахь тохиолдолд хүчингүй болгож үйл ажиллагааг зогсооно:

6.2.1.  эзэмшигч хүсэлт гаргасан;

6.2.2.  энэ журмын 6.1-д заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй;

6.2.3.  эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан, эсхүл гаалийн хяналтын бүсийг бусдын эзэмшилд  шилжүүлсэн;

6.2.4.  Гаалийн  хяналтын бүсэд 6 сар, түүнээс  дээш хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй

6.2.5. гаалийн хяналтын бүс ажиллуулах хугацаа дууссан боловч сунгуулах хүсэлт гаргаагүй.

6.3. Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоосон тухай  шийдвэрийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаал гаргаж,  нийтэд мэдээлнэ.

Долоо. Бусад

7.1.  Гаалийн хяналтын бүсэд хадгалагдаж буй бараа алдагдсан,  гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгогдсон, устгагдсан бол тухайн бараанд ногдох гаалийн болон бусад татварыг гаалийн хяналтын бүс тогтоолгосон аж ахуйн нэгж байгууллага төлнө.

7.2. Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

7.3.  Гаалийн хяналтын бүсэд гаалийн түр агуулах байгуулж болно.

7.4. Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг гаалийн тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *