САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Кунио Микурия, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корманн нар Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын шинэчилсэн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын үеэр ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Кунио Микурия “Байнгын хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн цаг үед манай хоёр байгууллага илүү нягт хамтран ажиллах нь чухал юм. Энэхүү шинэчлэгдсэн харилцан ойлголцлын санамж бичиг нь гаалийн байгууллагын үр нөлөөг дээшлүүлэх, хууль бус худалдаа, арилжааны луйвар зэрэг сорилтыг шийдвэрлэхэд чухал. Бид хамтдаа илүү аюулгүй, илүү цэцэглэн хөгжсөн дэлхийн эдийн засагт хүрэх замыг нээж байна” гэж онцолжээ.

Хоёр байгууллага анх 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр  санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй бөгөөд гол зорилго нь хууль бус худалдаа, төсвийн орлогын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг гүнзгийрүүлэн судлах, холбогдох эрх зүйн зохицуулалт, засаглалын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг санал болгох явдал байсан.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны хэд хэдэн үндсэн чиглэлийг хамруулах бөгөөд тухайлбал, гаалийн үнэлгээ, үнэ шилжилтийг тогтоох зэрэг гааль, татварын хамтын ажиллагаа, тогтвортой худалдаа,  хууль бус худалдаа, арилжааны луйвар, авлигын янз бүрийн хэлбэрийг шийдвэрлэх зэрэг харилцан сонирхсон салбар дахь хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Түүнчлэн хуурамч бараа бүтээгдэхүүн, ашигт малтмал болон бусад хориглосон, хязгаарласан бараа зэрэг хууль бус худалдаа, арилжааны залилангаас сэргийлэх асуудлыг тусгажээ.  Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэг, барааны гарал үүсэл, ангилал, үнэлгээтэй холбоотой залилангийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх, хамтран ажиллах асуудал мөн багтжээ.

Санамж бичигт дурдснаар тус хоёр байгууллага хоорондоо харилцан мэдээллээ шуурхай солилцох, ялангуяа өгөгдлийн шинжилгээ, статистик мэдээлэл солилцохоор болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *