Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж байгаа “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь -Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум эхэллээ. Форумын эхний өдөр авто зам, автотээврийн салбарын нэгдсэн хуралдаан болсон бөгөөд 7 хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээгээр бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж байгаа бусад асуудлыг хамтран шийдвэрлэх чиглэлээр хэлэлцэнэ.
Энэ хүрээнд Олон улсын тээврийн форумаас “Азийн бүсийн өндөр түвшний хоёр дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулахаас гадна төмөр зам, иргэний нисэх, авто зам, автотээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл хөтөлбөрийг гадаад, дотоодын хамтран ажилладаг байгууллага, хөрөнгө оруулагчдад зориулан танилцуулах юм.
Түүнчлэн тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлыг нэмэгдүүлэх санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа байдал болон зам, тээврийн үйлчилгээний тогтвортой байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн олон улсын сайн туршлагаас хуваалцах юм.
Уг форумд олон улсын 20 гаруй байгууллага, 60 орчим орны төлөөлөл, гадаад, дотоодын 200 гаруй аж ахуйн нэгжийн 1400 орчим төлөөлөгч, 200 хөрөнгө оруулагч оролцож байгаа бөгөөд нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлтийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй албаныхан болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт форумыг нээж илтгэл танилцуулсан бөгөөд тэрбээр илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази, Европыг холбосон транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд тавьсан зорилтуудаа үр дүнтэй, хурдтай, чанартай, бас цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Цар тахлаас үүдэн нэгэн үе царцанги, зогсонги байдалд ороод байсан дэлхийн эдийн засгийн “цусны эргэлт” хурдасч, хэвийн байдалд шилжлээ. Үүнд тээвэр логистик, зам харилцаа, дэд бүтэц шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.
Үүний үр дүнд Монгол Улс Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 33 байраар урагшилж, 97 дугаар байрт орсон, цаашид ч илүү урагшлах, илүү дэвшихийг эрмэлзэж байна. Цаашид Ази Европыг холбосон транзит улс болохыг зорьж байна. 2022 онд зөвхөн Европын холбоо болон БНХАУ-ын худалдааны эргэлт 850 тэрбум ам долларт хүрсэн бол БНХАУ болон ОХУ-ын худалдаа 190 тэрбум ам долларт хүрч 34 хувиар өссөн. Энэ бүх өсөлт Монгол Улсын хувьд хилийн боомтуудаа төмөр зам болон хатуу хучилттай авто замаар бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, бүс нутгийн хэмжээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох зорилтоо хэрэгжүүлэх нэгэн чухал шалтгаан болж байгааг онцлон тэмдэглэе.
Монгол Улсын Засгийн газар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсон, мөн жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 320 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна. Түүнчлэн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг шинээр ашиглалтад оруулахад бэлэн болсон” хэмээн онцоллоо.
Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгт хуурай боомт байгуулснаар экспорт, импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдасч, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүн гарсан байна. Манай улс 14920 км олон улсын болон улсын чанартай авто замтай. Цар тахлын өмнө манай улсын олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 6900 км байсан бол энэ 2023 оны эцэс гэхэд 8100 км хатуу хучилттай авто замтай болохоор байгааг тэрээр илтгэлдээ дурдлаа.
Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн оруулж, Ази, Европыг холбосон авто замын хоёр дахь коридороо нээснийг энэ үеэр мөн онцоллоо. Цаашид авто замын босоо таван коридортой болохоор төлөвлөж байгаа аж. Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн гурван шинэ коридор нэмж байгуулах юм байна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг- Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж буйгаа дурдлаа.
Монгол Улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн дөрвөн эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн хоёр эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг ч мөн дотоод, гадаадын компаниудад санал болголоо.