ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 7 ДУГААР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, салбар дундын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны долоо дугаар хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Гадаад харилцааны яаманд амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн хуралдаанд Үндэсний хорооны гишүүдээс гадна НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, ДБ группийн “Экспортыг дэмжих төсөл”-өөс төлөөлөгчид оролцож, Монгол Улсын худалдааг хөнгөвчлөхөд учирч буй тулгамдсан асуудал, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон.  

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Худалдааг Хөнгөвчлөх албаны дарга тус байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн өнөөгийн байдал болон “Дамжин өнгөрүүлэх үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх; Хил дамнасан цахим бүрдүүлэлтийг хялбаршуулах; Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ” чиглэлээр 2022 онд техникийн туслалцаа үзүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Мөн Монгол Улсын Экспортыг дэмжих төслөөс экспорт, импортын бизнес процесс, тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох зорилго бүхий “Экспорт, импортын замын зураглал” судалгааны ажлыг танилцуулж, харилцан санал солилцсон. 

Уг хуралдаанд Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгээс “Гадаад худалдааны нэгдсэн портал”, “Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг уялдуулах, цаашдын чиг хандлага” чиглэлээр нэгдсэн мэдээлэл өгч, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлаа товч танилцуулав. 

Гишүүд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг уялдуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, худалдаа, тээврийн салбарт тулгараад буй асуудлуудыг тодорхойлж, гишүүн байгууллагуудын түвшинд зохицуулалт хийж ажиллахаар шийдлээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *