Түүхэн замнал

Манай улсад 1970-аад оны эхэн үеэс эхлэн Орос, Унгар, Чех, Болгар зэрэг тухайн үеийн социалист системийн гэж нэрлэгдэж байсан орнуудаас мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид барилгын салбарт болон бусад бүтээн байгуулалтад өргөнөөр оролцох болжээ. Гадаадын мэргэжилтнүүд гол төлөв шуудан харилцаа холбоогоор хайрцаг, сав боодолтой зүйлс, илгээмжийг өөрсдийн эх оронд илгээж байсан ба ихэнхдээ энгийн болон баталгаат захидлын үйлчилгээгээр үйлчлүүлж байжээ.

         Гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр шуудангийн үйл ажиллагаанд гаалийн хяналт тавих зайлшгүй шаардлага гарч олон улсын шуудан илгээмжийн хувьд эхний үед Улаанбаатар хот дахь гаалийн газраас дуудлагаар гаалийн байцаагч ирж гаалийн хяналт явуулдаг байсан ба голдуу 1-2 гаалийн байцаагч 7 хоногт 2-3 удаа ирж ажилладаг байсан байна.

            1990-ээд он хүртэл Төв шууданд хилийн чанадаас ирсэн болон илгээж байгаа илгээмжийг голчлон шалгадаг, бичиг захидлыг төдийлөн шалгах шаардлага үүсдэггүй байжээ. Харин 1990-ээд оны дунд, ялангуяа 2000 оноос буухиа, энгийн агаар, газар шуудангийн илгээмжид гаалийн хяналт шалгалтыг иж бүрнээр хийж эхэлсэн байна.

XX зууны эхэн үеэс Дэлхийн шуудангийн байгууллага нь улс хоорондын шуудан илгээмжид тавих хяналт шалгалтыг сайжруулж, үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох асуудлыг манай улсын шуудангийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, мөрдөхийг зөвлөжээ.

Энэ үед манай улсаас хилийн чанадад олон зуун хүмүүс амьдрал, амьжиргаагаа сайжруулах болон гадаадын их, дээд сургуульд сурч боловсрол олох зорилгоор зорчих болсон түүнчлэн гадаад улсаас ирэх зорчигчийн тоо өссөн зэргээс шалтгаалан олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ ихээхэн нэмэгдэж, шуудан холбооны харилцаа шинэ шатанд гарч эхэлсэн.

Эдгээр нөхцөл байдлын дагуу Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаар тушаалаар Олон улсын шуудан илгээмж дэх гаалийн газрыг байгуулж, 10 хүнтэйгээр бүтэц, орон тоог баталсан байна. Тухайн жилдээ Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 355 дугаар тушаалаар Буянт–Ухаа дахь гаалийн салбарыг бүтцэд уг орон тоог багтааж зохион байгуулалтын  бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулжээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 453 дугаар тушаалаар тус гаалийн газрын анхны гаалийн хяналтын талбайг Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудлын Олон улсын ачаа тээврийн цогцолборын орон нутгийн хэсэгт 72 м.кв талбайтайгаар байгуулжээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А/27 дугаар тушаалаар Олон улсын шуудан илгээмжийн гаалийн хороог одоогийн нэршил буюу Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болгон өөрчилсөн байна. Тус гаалийн газар нь олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий 4 гаалийн хяналтын бүсийг хариуцан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төрийн тусгай албан хаагч болон төрийн үйлчилгээний ажилтан нийт 84 хүний орон тоотойгоор ажиллаж байна.

Даргаар ажиллаж байсан хүмүүс:

2002-2007 онд Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газар – Б.Батболд

2007-2008 онд Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газар – Н.Сарантуяа

2008-2010 онд Олон улсын шуудан илгээмж дэх гаалийн хороо – Ц.Цагаанцоож

2010-2011 онд Олон улсын шуудан илгээмж дэх гаалийн хороо – Н.Батцэнгэл

2011-2012 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар – Ч.Энхтуяа

2012-2013 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар – Б.Цэрэнбалтав

2013-2019 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар – Б.Мягмар

2019-2022 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар- Б.Даваасүрэн

2022 оноос одоог хүртэл Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар- Г.Батбаяр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *