Гаалийн хяналтын бүсийн журам

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/294 дүгээр тушаалын хавсралт

ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гаалийн хяналтын бүс, түүний хил, дэглэм тогтоох, гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдөнө.

1.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах, бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн хяналтын бүсийг гаалийн газар, хороо (цаашид “Гаалийн байгууллага” гэх)-ны хариуцах нутаг дэвсгэрт гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар гурав хүртэл жилийн хугацаатайгаар тогтооно.

1.3.Гаалийн хяналтын бүсийг барааны төрлөөр нь ангилж болох бөгөөд энэ тохиолдолд гаалийн хяналтын бүс тогтоох тухай гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалд заана.

1.4.Гаалийн хяналтын бүсийг тогтоох болон үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ.

1.5.Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсээс өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байрыг гаалийн хяналтын түр бүс гэж тооцно.

1.6.Гаалийн бичиг баримтын шалгалт, гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн шалгалт зэрэг нь өөр өөр газарт хийгддэг бол тэдгээрийг гаалийн нэг хяналтын бүс гэж ойлгоно.

1.7.Гаалийн хяналтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хэрэгжүүлэх тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтын түр бүс болно.

1.8.Хяналт тавьж байгаа гаалийн байгууллага нь “Өөрийн үнэлгээний хуудас”-аар тухайн хяналтын бүсийн үйл ажиллагааг хагас, бүтэн жилээр тус тус хангалттай, эсхүл хангалтгүй үнэлгээгээр үнэлж, баталгаажуулан дараа сарын 05-ны өдрийн дотор гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.

1.9.Энэ журмын 1.8 дахь хэсэгт заасан үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд хяналт тавьж байгаа гаалийн байгууллагаас гүйцэтгэл сайжруулж, шаардлага хангуулах зорилгоор тодорхой хугацаатай үүрэг өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллана.

Хоёр.Гаалийн хяналтын бүс тогтооход тавигдах шаардлага

2.1.Гаалийн хяналтын бүс тогтоолгох хуулийн этгээд нь албан бичгээр хүсэлт гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан бичиг баримтыг бүрдүүлэн, дараах шаардлагыг хангасан гаалийн хяналтын бүсийн төсөл хийж, гаалийн байгууллагад ирүүлнэ:

2.1.1.төслийн зорилго, хүлээгдэж байгаа үр дүн;

2.1.2.төсөл хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, зарцуулах хөрөнгийн мэдээлэл;

2.1.3.гаалийн хяналтын бүс байгуулах эдийн засгийн үндэслэл, шаардлагын талаарх танилцуулга;

2.1.4.гаалийн хяналтын бүсийн байршил, хяналтын бүсэд байрших барилга байгууламж, тоног төхөөрөмжийн бүдүүвч зураг;

2.1.5.гаалийн бүрдүүлэлт хийгдсэн барааны тээвэрлэлтийг хэрхэн хийх тухай танилцуулга;

2.1.6.гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах бараа, тээврийн хэрэгслийн урьдчилсан төлөв болон үйлчилгээ үзүүлэх зардлын тооцоо;

2.1.7.гаалийн хяналт, бүрдүүлэлтэд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх танилцуулга;

2.1.8.гаалийн хяналтын бүсэд ашиглагдах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт тоо хэмжээ, үзүүлэлтүүд;

2.1.9.барилга байгууламжийн дотоод зохион байгуулалт, өрөөний зай талбайн хэмжээ, ажлын байрны танилцуулга;

2.1.10.талбайн хүчин чадал, харуул хамгаалалтын байршил, зохион байгуулалт;

2.1.11.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны танилцуулга;

2.1.12.ажилтнуудын танилцуулга, ажил үүргийн хуваарь, албан тушаал бүрээр нарийвчлан гаргасан технологи ажиллагааны зааварчилгаа;

2.1.13.тухайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулах тохиолдолд үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах, зогсоох болон байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх танилцуулга;

2.2.Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн хяналтын бүс байгуулах төсөл, холбогдох бичиг баримтыг хянан үзэж, дараах шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн хяналтын бүсийн зориулалтаар хөрөнгө оруулалт хийх зөвшөөрлийг бичгээр өгнө:

2.2.1.төсөлд дурьдсан зориулалтаар тухайн нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүс байгуулах хэрэгцээ, шаардлага үүссэн байх;

2.2.2.хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагын хүний нөөц хүрэлцэх эсэх;

2.2.3.гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн байдал;

2.2.4.тухайн үйл ажиллагаанаас эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлж, барагдуулах санхүүгийн чадавхитай болохыг эрх бүхий аудитын дүгнэлттэй сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, дансны хуулгыг үндэслэн нотолж, албан бичгээр баталгаажуулсан байх;

2.2.5.татварын өргүй буюу татварын албанаас ногдуулсан татварыг тогтоосон хугацаанд нь төлсөн байх;

2.2.6.нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй буюу даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлсөн байх;

2.2.7.хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, зээлтэй тохиолдолд зээлийн эргэн төлөлтүүд хугацаандаа хийгдсэн байх;

2.2.8.үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, захирамжийн хуулбар, эсхүл эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээ, газар өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байх;

2.2.9.тухайн үйл ажиллагаанаас үүссэн эрсдэлийг бууруулах зорилгоор хариуцлагын даатгалд хамрагдсан байх;

2.2.10.сүүлийн 2 жилийн байдлаар гаалийн байгууллагын зөрчлийн санд бүртгэгдээгүй байх;

2.3.Гаалийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр төслийн дагуу хөрөнгө оруулалт хийж, гаалийн хяналтын бүс тогтоолгох тохиолдолд дор дурьдсан шаардлага хангасан байна:

2.3.1.орох, гарах хаалганаас бусад газраар бараа, тээврийн хэрэгсэл, хувь хүн нэвтрэх боломжийг хаасан хашаа татсан байх;

2.3.2.Монгол Улсын ачааны терминалын MNS 5832:2007 стандартад нийцсэн байх;

2.3.3.гаалийн хяналт, шалгалт хийх шаардлага хангасан байх;

2.3.4.гаалийн хяналт, шалгалтад шаардагдах техник, тоног төхөөрөмж суурилуулсан байх;

2.3.5.тэгш өнцөгт хэлбэртэй 1.0х0.60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр “Гаалийн хяналтын бүс” гэсэн бичээстэй, зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг бүхий олон нийтэд мэдэгдэхүйц таних тэмдэг байрлуулсан байх;

2.3.6.гаалийн хяналтын бүсэд болон гадна талд нь тарифын бус хязгаарлалттай бараатай холбогдол бүхий хууль тогтоомж, зөрчлийн тухай хуулийн холбогдох заалт, хяналтын бүсийн дэглэмийг олон нийтэд анхааруулсан самбар, дэлгэц байрлуулсан байх;

2.3.7.гаалийн байгууллагын албан хаагчийн хэвийн, аюулгүй байдалд ажиллах ажлын байр, шаардлагатай тохиолдолд амьдрах байрны нөхцөл, шаардлагыг хангасан байх;

2.3.8.харуул хамгаалалттай байх;

2.3.9.галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмжөөр тоноглогдсон байх;

2.3.10.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлсэн байх;

2.3.11.мэдээллийн технологийн чиглэлээр гаалийн хяналтын бүсэд тавигдах шаардлагуудыг хангасан байх;

2.3.12.хяналтын камерыг бараа, ажил, үйлчилгээ бүхэлдээ харагдах

газарт шаардлагатай тоо хэмжээгээр байрлуулж, бичлэгийг гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц түвшинд хийж, хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх боломжийг бүрдүүлсэн байх;

2.3.13.хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагаас ирүүлсэн “Өөрийн үнэлгээний хуудас” нь 90 буюу түүнээс дээш оноогоор хангалттай үнэлэгдэж, гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга баталгаажуулсан байх.

2.4.Төслийн дагуу хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн эсэхийг гаалийн байгууллагаас тухайн талбайд очиж нягтлан шалгах бөгөөд энэ журмын 2.3-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд, гаалийн хяналтын бүс тогтоох тухай асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд танилцуулан, шийдвэрлүүлнэ.

Гурав.Гаалийн хяналтын бүсийн хил

3.1.Гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн удирдах төв байгууллага тогтооно.

3.2.Гаалийн хяналтын бүсийн хил, барааны төрөл, хяналт тавих харьяаллыг эзэмшигч болон харьяалах байгууллагаас ирүүлсэн хүсэлт, санал, үндэслэл, шаардлагыг судлан үзсэний үндсэн дээр гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар шинэчлэн тогтоож болно.

3.3.Гаалийн хяналтын бүсэд дараах барилга байгууламж, талбайг багтаан хамааруулж болно:

3.3.1.шалган нэвтрүүлэх боомт болон хилийн хяналтын бусад албадын ажлын байр;

3.3.2.тээвэр зуучийн болон холбогдох бусад аж ахуйн нэгж байгууллагын бараа, тээврийн хэрэгсэл хадгалах, ачих, буулгах, бараа ялгах ангилах талбай, агуулах.

Дөрөв.Гаалийн хяналтын бүсийн дэглэм

4.1.Гаалийн хяналтын бүсэд нэвтрэхэд гаалийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ. Уг зөвшөөрөл нь байнгын болон түр хугацаатай байна.

4.2.Байнгын зөвшөөрөл нь тухайн хяналтын бүсэд тогтмол ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтанд олгогдоно. Тухайн гаалийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дээрх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагын үнэмлэх орлож болно.

4.3.Шаардлагатай бол түр хугацааны зөвшөөрлийг дараах ажилтан, албан тушаалтанд олгоно:

4.3.1.мэргэжлийн хяналтын ажилтан;

4.3.2.засвар үйлчилгээ-техникийн ажилтан;

4.3.3.нийгмийн хэв журам сахиулах ажилтан;

4.3.4.хүн эмнэлгийн ажилтан;

4.3.5.онцгой байдлын албаны ажилтан;

4.3.6.хувь хүн;

4.3.7.эрх бүхий бусад ажилтан.

4.4.Зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг гаалийн бүрдүүлэлт хийлгэх зорилгоор хяналтын бүсэд иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бусад бичиг баримт, зорчигчийн тийз, холбогдох барааны баримтыг үндэслэн нэвтрүүлнэ.

4.5.Бараа эзэмшигч, тээвэрлэгч, тээвэр зууч гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгслийг ажлын цагаар оруулсан бол оруулснаас хойш, ажлын бус цагаар оруулсан бол ажлын цаг эхэлснээс хойш тус тус 30 минутын дотор гаалийн байгууллагад бүртгүүлнэ.

4.6.Барааг гаалийн хяналтын бүсэд оруулснаас хойш гурав хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн хяналтын бүсийн эзэмшигч барааг гаалийн хяналтан дор гаалийн түр агуулахад шилжүүлнэ.

4.7.Хяналтын бүсэд хадгалах хугацаа хэтэрсэн барааг шилжүүлэх түр агуулах байхгүй тохиолдолд гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнээр тооцож, гаалийн хяналтын бүсэд хадгална. Хадгалалтын хөлсийг эзэмшигч байгууллага тогтооно.

4.8.Гаалийн хяналтын бүсэд байршиж байгаа бараа, тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орсон тохиолдолд гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч энэ тухай гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

4.9.Энэ журмын 1.3 дахь хэсэгт зааснаас өөр бараа оруулах тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагаас зөвшөөрөл авна.

4.10.Гаалийн хяналтын бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа гаалийн байгууллагын дарга олгоно. Гаалийн хяналтын бүсэд явуулж байгаа үйл ажиллагаа нь гаалийн хяналтын үйл ажиллагаанд саад учруулахааргүй байна.

Тав.Захиалга дуудлагаар гаалийн бүрдүүлэлт хийх

5.1.Мэдүүлэгч (цаашид “захиалагч” гэнэ)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн доор дурдсан бараанд, гаалийн хяналт, бүрдүүлэлтийг Гаалийн тухай хуулийн 236.5 дахь хэсэгт заасны дагуу өөр газарт буюу гаалийн хяналтын түр бүсэд мэдүүлэгчийн зардлаар хийж болно. Үүнд:

5.1.1.түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, буулгалт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах;

5.1.2.улсын нууцын зэрэглэлд орох;

5.1.3.түүх соёлын дурсгалт зүйлс;

5.1.4.валют, валютын үнэт зүйл;

5.1.5.химийн болон тэсэрч дэлбэрэх бодис;

5.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээш;

5.1.7.аюултай ачаа;

5.1.8.зайлшгүй шаардлагатай бусад бараа.

5.2.Захиалагч гаалийн хяналт, шалгалтад шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлсний дараа бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийлгэхээс 1-3 хоногийн өмнө захиалгыг хяналт тавьж байгаа гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн даргад энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан захиалгын хуудсаар өгнө.

5.3.Гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхэд үйлчилгээний төлбөрийг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар батлагдсан хэмжээгээр тооцож авна.

5.4.Гаалийн байгууллага захиалагчаас захиалга хүлээн авахдаа тухайн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлтийг гаалийн хяналтын түр бүсэд хийх шаардлагатай эсэхийг нягтлан шалгасны эцэст гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн дарга шийдвэр гаргана.

5.5.Захиалга хүлээн авсан тохиолдолд гаалийн мэдээллийн автоматжуулсан системээс хяналт, шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагчид энэ журмын 5.4 дэх хэсэгт заасан албан тушаалтан заавар, чиглэл өгнө.

5.6.Захиалагч гаалийн хяналт, шалгалтыг хийх ажлын байр, гаалийн улсын байцаагчийн аюулгүй байдал, ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ гаалийн улсын байцаагчийг унаагаар хангах бөгөөд ажлын өдрийн үргэлжлэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан цагаас илүүгүй байна. Зайлшгүй тохиолдолд энэ журмын 5.4 дэх хэсэгт заасан албан тушаалтны шийдвэрээр гаалийн хяналтын түр бүсэд илүү цагаар ажиллана.

5.7.Захиалагч гаалийн улсын байцаагчийн тавьж байгаа хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Үүргээ хангалтгүй биелүүлсэн, гаалийн хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байгаа захиалагчид гаалийн байгууллага захиалгын дагуу гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхээс татгалзаж болно.

5.8.Захиалагч нь гаалийн улсын байцаагчийн албан үүрэгтэйгээ холбогдолгүй тавьсан хүсэлт, шаардлагын тухай гаалийн байгууллагад мэдэгдэх эрх, үүрэгтэй.

5.9.Гаалийн хяналтын түр бүсэд гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийн ажилласан хугацааг тооцохдоо эхэлсэн цагийг гаалийн байгууллагаас гарсан цагаар, дууссан цагийг гаалийн бүрдүүлэлт хийгдсэн тухай баримт үйлдэж төлбөр хийгдсэн, эсхүл нэхэмжлэл бичсэн цагаар тогтооно.

5.10.Гаалийн хяналтын түр бүсэд гаалийн бүрдүүлэлт хийсний хураамжийг 60 минут бүрээр тооцож, ажил дуусахад дараагийн цаг эхэлсэн бол 30 минут хүртэл хагас цагаар, 30-аас дээш минутыг нэг цаг гэж тооцно.

5.11.Гаалийн тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг захиалагч хариуцна.

5.12.Гаалийн улсын байцаагчийн тавьсан тэмдэглэгээнд өөрчлөлт орсон тохиолдолд дахин шалгалт хийх бөгөөд анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийг заавал байлцуулна. Гаалийн улсын байцаагчийг байлцуулах боломжгүй тохиолдолд хяналт тавьж байгаа гаалийн байгууллагын дарга ажлын хэсэг томилно.

5.13.Захиалагч зөрчил гаргасан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

5.14.Гаалийн улсын байцаагч нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

5.15.Гаалийн улсын байцаагч гаалийн хяналтын түр бүсэд гаалийн бүрдүүлэлт хийсэн тухай гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

Зургаа.Гаалийн хяналтын бүсийн хугацааг сунгах, үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

6.1.Хяналтын бүсийн хугацааг сунгуулахдаа энэ журмын 1.2 дахь хэсэгт заасан хугацааг дуусгавар болохоос 30 хоногийн өмнө албан бичгээр хүсэлт гаргах бөгөөд энэ журмын 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаж, хангалттай үнэлэгдсэн тухай “Өөрийн үнэлгээний хуудас”-ын хамт гаалийн удирдах төв байгууллагад ирүүлнэ.

6.2.Энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан бичиг баримт болон гаалийн хяналтын бүс эзэмшигчийн хууль сахилтын түвшинг харгалзан энэ журмын 1.2 дахь хэсэгт заасан хугацааг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар гурав хүртэл жилээр сунгаж болно.

6.3.Хилийн боомт, шалган нэвтрүүлэх цогцолбор дахь гаалийн хяналтын бүс нь энэ журмын 6.2 дахь хэсэгт хамаарахгүй.

6.4.Дараах тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагаас гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно:

6.4.1.энэ журмын 3.2, 4.4, 4.5, 4.6, 4.8, 4.9 дэх хэсгийг зөрчсөн;

6.4.2.энэ журмын 1.8 дахь хэсэгт заасан өөрийн үнэлгээний хуудсаар хангалтгүй үнэлэгдсэнтэй холбогдуулж, шаардлага хангуулах зорилгоор хяналт тавьж байгаа гаалийн байгууллагаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй;

6.4.3.гаалийн хяналтын бүс, гаалийн хилийг тодорхойлсон анхааруулга, тэмдгийг өөрчилж, гэмтээж, эвдсэн;

6.4.4.хяналтын бүсэд нийгмийн хэв журам алдагдуулсан;

6.4.5.гаалийн байгууллага зөвшөөрснөөс бусад газраар бараа, тээврийн хэрэгсэл, хувь хүн нэвтрүүлсэн;

6.4.6.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн;

6.4.7.гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн болон бусад зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн, аж ахуйн үйл ажиллагаа явуулсан.

6.5.Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хяналтын бүс тогтоосон шийдвэрийг дараах тохиолдолд хүчингүй болгож үйл ажиллагааг зогсооно:

6.5.1.гаалийн байгууллагын байршил өөрчлөгдсөн;

6.5.2.хилийн боомт хаагдсан;

6.5.3.гаалийн хяналтад байгаа барааг хадгалах газар өөрчлөгдсөн;

6.5.4.барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих газар өөрчлөгдсөн;

6.5.5.гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн зогсоол өөрчлөгдсөн;

6.5.6.гаалийн байгууллагын зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулсан;

6.5.7.гаалийн хяналтын бүсэд 6 сар, түүнээс дээш хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй;

6.5.8.гаалийн хяналтын бүсийн эзэмшигч хүсэлт гаргасан;

6.5.9.хуулийн этгээд татан буугдсан, эсхүл гаалийн хяналтын бүсийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслүүлэх зэргээр шилжүүлсэн;

6.5.10.гаалийн хяналтын бүс ажиллуулах хугацаа дуусгавар болсон боловч сунгуулах хүсэлт гаргаагүй;

6.5.11.гаалийн тухай хууль тогтоомж болон хяналтын бүсийн дэглэмийг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

6.5.12.гаалийн байгууллагад ирүүлсэн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон;

6.5.13.энэ журмын 6.4 дэх хэсэгт заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй;

6.5.14.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгүүлсэн.

6.6.Гаалийн удирдах төв байгууллагын дарга гаалийн хяналтын бүсийг хүчингүй болгосон тухай тушаал гаргаж, шийдвэрийг нийтэд мэдээлнэ.

6.7.Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг энэ журмын 6.4, 6.5 дахь хэсэгт заасны дагуу түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдолд тухайн гаалийн хяналтын бүсэд байршиж буй барааг Гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн холбогдох горимд байршуулах эсхүл өөр гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналтан дор шилжүүлнэ.

6.8.Энэ журмын 6.7 дахь хэсэгт заасны дагуу барааг гаалийн бүрдүүлэлтийн холбогдох горимд байршуулаагүй, өөр гаалийн хяналтын бүсэд шилжүүлээгүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

Долоо.Бусад

7.1.Гаалийн хяналтын бүсэд хадгалагдаж байгаа бараа алдагдсан, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгогдсон, устгагдсан, гэмтсэн тохиолдолд тухайн бараанд ногдох гаалийн болон бусад татварыг гаалийн хяналтын бүс тогтоолгосон аж ахуйн нэгж, байгууллага төлнө.

7.2.Гаалийн хяналтын бүсэд оруулсан, гаргасан бараа, тээврийн хэрэгслийн мэдээг гаалийн хяналтын бүс эзэмшигч сар бүр гаргаж, дараа сарын 05-ны өдрийн дотор хяналт тавьж байгаа гаалийн байгууллагад өгнө.

7.3.Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

7.4.Гаалийн байгууллагад гаргаж өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд гаалийн хяналтын бүс эзэмшигч тухай бүр гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

7.5.Гаалийн хяналтын бүсэд гаалийн түр агуулах байгуулж болно.

7.6.Энэ журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг гаалийн тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *